С.Эрдэнэ: Цагдаагийн хурандаа нар эрх мэдэлтнүүдийн төлөө өөрсдийгөө золиосолж байна
2012.03.22

С.Эрдэнэ: Цагдаагийн хурандаа нар эрх мэдэлтнүүдийн төлөө өөрсдийгөө золиосолж байна

 
-Долоодугаар сарын 1-ний үймээнтэй холбогдуулж цагдаагийн экс дарга нарыгшүүх хурлын үеэр үүссэн замбараагүй байдлаас болж шүүх,прокурор,цагдаагийн байгууллагын дунд таагүй байдал үүслээ. Та үүнийг юу гэж үзэж байна вэ?

-Би Монголын төрд ямар нэгэн хуваагдал. үүссэн гэж харахгүй байна. Төрийн эрх мэдлийн хуваарилалтыг Үндсэн хуулийнхаа хүрээнд зохицуулдаг. Тиймээс үүссэн нөх-цөл байдлаас болоод төрийн байгууллагуудад ямар нэгэн хуваагдал, онцгой  нөхцөл  байдал үүссэн гэж бодохгүй байгаа. Ийм эрх байх ч үгүй. Төрийн өндөр албан тушаалтнууд, ер нь хэн ч бай хуулийг дээдлэх зарчмаар л ажиллах ёстой. Монгол Улсын Үндсэн хуулийн гол үндсэн санаа нь үүнд л оршиж байдаг шүү дээ. Тиймээс төрийн аливаа байгууллага, албан тушаалтнууд улс төрийн болон хувь хүний оролцоо, сонирхлоор энэ асуудалд хандах эрхгүй.

-Гэтэл цагдаагийн байгууллага шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй. Шүүхийн шийдвэрт нөлөөлөх гэж оролдсон гэдгийг хаана, хаанаа хүлээн зөвшөөрчихлөө. Ерөнхийлөгч хүртэл Цагдаагийн ерөнхий газрын дарга, хошууч генерал Д.Сандаг-Очирт энэ талаар сануулга өгсөн. Ерөнхий сайдад ч албан бичиг илгээсэн шүү дээ?

-Монгол төрийн тусгай албан хаагчид хуулиар хүлээсэн чиг үүргээ хуулийн хүрээнд үг дуугүй биелүүлэх үүрэгтэй. Тиймээс Монголын цагдаад ямар нэгэн байдлаар улстөржих, аливаа асуудалд ямар нэгэн бодлогын үүднээс хандах эрх байхгүй. Би шүүх хурал дээр байгаагүй ч телевизээр цагдаагийн удирдлагууд энэ талаар ярилцлага өгч байхыг сонссон. Тэдний ярьж байгааг ажиглаж байхад хэт улстөржөөд байна уу даа гэж санагдсан. Тухайлбал, нийслэлийн Цагдаагийн газрын нэг хурандаа "Цагдаа нар үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй" гэж ярьж байсан. Цагдаа нар иргэн хүнийхээ хувьд үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй ч төрийн тусгай албан хаагчийн хувьд төрийн хуулийг үг дуугүй даган биелүүлэх үүрэгтэй. Хууль сахиулах үүргийг хүлээж байгаа төрийн тусгай албан хаагчид өөрсдөө үлгэр жишээтэйгээр хуулиа сахиж биелүүлэх ёстой. Үүнийхээ дараа бусдыг хууль сахиулж, хуулийг даган биелүүлэхийг шаардана биз дээ. Тиймээс дүрэмт хувцсаа өмсчихөөд үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй гэж ярих нь байж болохгүй асуудал юм.

-Болж буй үйл явдлыг ажиглагчийн байр сууринаас харж байгаа хүний хувьд та энэ хэргийн буруутныг нь олж харж байна уу?

Би хэн гэм буруутай вэ гэдгийг өнөөдөр хэлж мэдэхгүй. Учир нь би шүүгч биш. Гэм буруутныг нь шүүх, прокурорын байгууллага тогтооно. Харин энэ бүхнээс ганц л зүйлийг ойлгохгүй байгаа юм. Тэр нь юу вэ гэхээр цагдаагийн хурандаа нар чухам яагаад бодит үнэнийг ил тод гаргаж ирэхгүй байгаа юм бэ. Яагаад үнэнийг цээжээрээ хамгаалаад өөрсдөө ийм асуудалд орооцолдож зовоод байгаа юм гэдэг асуудал. Тушаалын дагуу үүрэг даалгавар биелүүлдэг төрийн тусгай албан хаагчийнхаа хувьд тэр хурандаа нар буруугүй гэж би ойлгож байгаа. Харин цагдаагийн хурандаа нар дур мэдэн галт зэвсэг хэрэглэх, хуульд зааснаас өөр ямар нэгэн үйлдэл хийхийг доод албан тушаалтнууддаа тушаасан бол хариуцлагаа хүлээх ёстой. Харин хэн нэгний үүрэг даалгаврыг биелүүлсэн бол цагдаагийн хурандаа нар ямар ч гэм буруугүй. Одоо бол энэ хоёрын л ялгааг гаргах гээд байгаа шүү дээ. Миний хувьд тодорхой улстөрчид, эрх мэдэлтнүүдийн төлөө цагдаагийн хурандаа нар өөрсдийгөө золиосолж байна л гэж харж байна. Үүний цаана ямар нэгэн ашиг сонирхол байгаа байх.

-Зүй нь яах ёстой байсан гэж?

-Тухайн үед эрх мэдэлтэй байсан хүмүүс ямар үүрэг даалгавар өгч байсныг цагдаагийн хурандаа нар ил тод болгоод өөрсдөө тушаал биелүүлсэн төрийн тусгай албан хаагч гэдэг үүднээс хуулиар хамгаалуулаад ямар нэгэн ял шийтгэлгүй өнгөрөх бүрэн боломж байгаа. Хуульд ч гэсэн "Хэн нэгэн эрх мэдэлтний өгсөн үүрэг даалгаврыг биелүүлснийхээ төлөө ял шийтгэл хүлээхгүй" гээд заачихсан байгаа. Гэтэл цагдаагийн хурандаа нар өөрсдийгөө буруугүй гээд байдаг. Тэгэхээр тэдэнд хэн үүрэг даалгавар өгсөн бэ гэдэг асуулт үүсээд байгаа юм.

-Хэрэв тийм үүрэг даалгавар өгөөгүй бол яах вэ?

-Хэн нэгэн эрх мэдэлтэн өгөөгүй юм бол дээрх хурандаа нар өөрсдөө дур мэдэн хууль зөрчсөн үйлдэл хийсэн байна гэсэн дүгнэлт хийхээс өөр гарц алга даа.

-МоАХ-оос яг ийм утга бүхий мэдээлэл уржигдар хийсэн. Тэд долоодугаар сарын 1-ний хэргийнгол буруутныг "Тухайн үед Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Мөнх-Оргил гэж нэрлэсэн. Та МоАХ-ныхонтой санал нэг байна уу?

-Миний хувьд, Ц.Мөнх-Оргил гэж нэр зааж асуудалд хандмааргүй байна. Тухайн үед хариуцлага хүлээж байсан, төрийн тодорхой эрх мэдэл, албан тушаал хашиж байсан хүмүүс хариуцлага хүлээх ёстой. Түүнээс биш заавал нэр заагаад л хэн нэгнийг яллах гэсэн үйлдэл биш байгаасай гэж хүсэж байна. Алтан ч хүн бай, мөнгөн ч хүн бай хариуцлага алдсан л бол хариуцлагаа хүлээх ёстой. Тухайн хүн хэн байх нь сонин биш гэдэг утгаар нь хэлэх гээд байна. Тиймээс МоАХ-оос хийсэн мэдээлэлтэй миний хувьд санал нэг байгаа. Гэхдээ Ц.Мөнх-Оргил гэдэгт нь биш. Тухайн үед үүрэг өгч байсан хүн нь хариуцлагаа хүлээх ёстой.

-Гэтэл тухайн үед үүрэг даалгавар өгөх эрх эдэлж, хариуцлага хүлээж байсан төрийн өндөр албан тушаалтнууд нь шүүх хуралд өнөөдөр гэрчийн байр сууринаас оролцож байгаа нь шударга үйлдэл мөн үү?

-Би дээр хэлсэн. Энэ бол цагдаагийн хурандаа нарын хийж буй үйлдлээс л үүссэн нөхцөл байдал. Өнөөдөр цагдаагийн хурандаа нар "Дээрээс ямар нэгэн үүрэг даалгавар өгөөгүй" гээд байхад төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийг долоодугаар сарын 1-ний хэрэгт сэжигтнээр татах үндэслэл байхгүй болчихоод байгаа юм. Тухайн үед Онц байдлын штабын дарга ч юм уу, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүмүүс цагдаагийн удирдлагуудад тушаал өгөөгүй байхад галт зэвсэг хэрэглэсэн байдаг юм уу, ямар нэгэн хууль бус үйлдэл гарчихсан байх нөхцөл байдал өнөөдөр бий болсон  Ийм байхад үүний хариуцлагыг Тэр хүмүүс хүлээж болохгүй л байхгүй юу. Учир нь тэд "Хууль зөрч" гэсэн  үүрэг даалгавар өгөөгүй байгаа биз дээ. Тиймээс нотлогдоогүй байхад тэр хүмүүсийг сэжигтнээр татаж болохгүй. Одоо бол тухайн үед цагдаагийн бие бүрэлдэхүүнийг шууд удирдлагаар хангаж байсан цагдаагийн хурандаа нар хариуцлагыг өөрсөд дээрээ татаад байгаа л дүр зураг ажиглагдаж байна. Түүнээс биш хэн нэгэн цагдаагийн удирдлагуудад хэргээ тохоод байгаа юм байхгүй.

-Тэгэхээр та "Дээрээс хэн нэгэн үүрэг даалгавар өгөөгүй гээд байгаа юм бол асуудал үүсгэлгүйгээр хариуцлагаа үүрээд яв" гэж цагдаагийн хурандаа нарт хэлэх гээд байна гэж ойлгож болохуу?

-Өөр яах юм. Асуудалгүй шүү дээ. Үнэхээр л тэдэнд ямар нэгэн үүрэг даалгавар өгөөгүй л юм бол цагдаагийн бие бүрэлдэхүүнийг шууд удирдлагаар хангаж байсан энэ нөхөд л алдаа гаргасан юм байна. Өөр ямар ч тайлбар энд харагдахгүй байгаа биз дээ.

-Ардчилсан намынхан дахиад л даргаараа "оролдож" эхэллээ гэсэн мэдээлэл гараад байгаа. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намыНхан хурлаа хийгээд даргаа огцруулах талаар ярилцсан гэсэн. Гэтэл танай намын дүрэмд "Сонгуулийн жил намын даргыг огцруулах асуудал ярихгүй" гэсэн байдаг байх аа?

-Одоо намын даргыг огцруулах ёстой, ёсгүй тухай ярих эрх байхгүй. Ардчилсан намын дүрэмд "Сонгуулийн жил намын даргыг сольж болно, болохгүй" гэсэн заалт байхгүй. Нөгөөтэйгүүр Сонгинохайрхан дүүргийн намын хурал дээр яг ямар асуудал хэлэлцсэнийг би мэдэхгүй байна. Ийм асуудал хэлэлцсэн тухай сураг л сонссон төдий. Ер нь бол аль ч намын байгууллагын дотоодод маргаан мэтгэлцээн, шүүмжлэл гардаг нь энгийн л үзэгдэл. Тиймээс нэг их гайхаад байх асуудал байхгүй. Ардчилсан нам бол дотооддоо ардчилалтай нам. Үүнийг нь эв нэгдэлгүй   мэтээр  харуулах гэж оролдох тохиолдол тоймгүй их бий. Энэ бол Ардчилсан нам эв нэгдэлгүй байгаагийн бус эрүүл саруул байгаагийн л илрэл юм.

-Үүнээс харахад нийслэлийн Ардчилсан намаас даргынхаа эсрэг бодлого баримталж байна гэж ажиглагдаад байгаа. Харин та юу гэж харж байна вэ?

-Сонгинохайрхан дүүргийн намын хурал дээр болсон уур амьсгалыг нарийн мэдэхгүй байгаа гэдгээ дахиад хэлэх нь зөв байх. Тиймээс тэд нийслэлийн Ардчилсан намд ямар байдлаар хандсаныг нь хэлж мэдэхгүй юм. Нийслэлийн Ардчилсан намын хувьд гэвэл өнөөдөр шаардлагын түвшинд хүрч ажиллаж чадахгүй байгаа нь үнэн. Гэхдээ дүүргийн намуудтайгаа зөрчилдөх хэмжээнд хүрчихсэн зүйл ажиглагдахгүй байна. Нийслэлийн Ардчилсан нам аль нэг холбоо, хөдөлгөөний өмч биш Ардчилсан намын нэг л бүтэц шүү дээ.

-Ардчилсан намын ҮЗХ-ны хурлыг ирэх тавдугаар сард хийнэ гэж байсан. Энэ хурлаар ямар асуудал хэлэлцэх бол?

-ҮЗХ-ны хурал дүрмийн дагуу бол энэ сард болох ёстой. Энэ сард дунд шатны намууд хурлаа хийж дуусаад ҮЗХ-ны гишүүний суудал дээр орон тоо гарвал нөхөн сонгууль явуулсны дараа энэ сард юм уу, ирэх дөрөвдүгээр сарын эхээр ҮЗХ хуралддаг дүрмийн заалт бий. Жил бүрийн гурав, есдүгээр сард ҮЗХ-г хуралдуулж байх дүрмийн заалт байдаг юм.

-Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл дээр танай намынхан Ардын намынхантай санал нийлэхгүй байгаа. Гэтэл Ардын намын зарим гишүүн "Ардчилсан намд хоёр сонгуулийг тусад нь  хийхсонирхолтой цөөнгүй гишүүн бий" гэж байсан. Үнэхээр тийм санаатай гишүүд байгаа юм уу?

-Тийм санаатай гишүүн байгаа гэвэл худлаа. Бид нэг санаатайгаар "Хоёр сонгуулийг зэрэг явуулъя" гэж бүлгийн хурал дээр ярьсан. Харин Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар сумын ИТХ-ын гишүүнийг намаас биш иргэд өөрсдөө нэр дэвшүүлдэг тогтолцоо бий болгоё зэрэг асуудалд санал нэгдэж байгаа.

-Одоо үйлчилж байгаа хуулиар хоёр сонгуулийг зэрэг явуулахаар байгаа нь "Орон нутгийн ИТХ-ын гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна" гэсэн Үндсэн хуулийн заалттай зөрчилдөж байгаа. Тиймээс энэ асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд хандсан. Хэрэв та бүхэн санал нийлэхгүй байгаад Үндсэн хуулийн Цэцээс " Үндсэн хууль зөрчиж байна" гэсэн шийд гаргачихвал хоёр сонгууль тусдаа болохоос өөр аргагүй гэсэн үгүү?

-Хэрэв бүрэн эрхийн хугацаа яриад байгаа юм бол хоёр сонгуулиа зэрэг хийчихээд одоогийн ИТХ-ын гишүүдийн бүрэн эрхийн хугацааг дууссаны дараа зургаадугаар сард сонгогдсон төлөөлөгчид нь бүрэн эрхээ шилжүүлж авах боломжтой. Ингэж зохицуулалт хийдэг жишээ олон оронд бий. Нөгөөтэйгүүр одоогийн ИТХ-ын төлөөлөгчид байнгын ажиллагаатай биш. Одоо орон нутагт зайлшгүй шийдэх ёстой асуудал байхгүй. Учир нь орон нутгийн төсвийг баталчихсан. Тиймээс орон нутгийн ИТХ зайлшгүй шалтгаанаар л ээлжит бус хурал хийдэггүй юм бол бүгд ээлжит хурлаа хийгээд бүх асуудлаа цэгцэлчихсэн байгаа.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.