Цагаан идээ, хүнсний ногооны төвлөрсөн зах ашиглалтад орлоо
2019.01.23

Цагаан идээ, хүнсний ногооны төвлөрсөн зах ашиглалтад орлоо

Дархан сумын дөрөвдүгээрийн багийн нутаг дэвсгэр төмөр замын вокзал буюу Дархан-Өртөөний дэргэд хүнсний ногоо, цагаан идээний төвлөрсөн зах ашиглалтад орлоо.

2018 оны 08 дугаар сараас эхэлсэн тус барилгын ажлыг “Тотал импекс” ХХК гүйцэтгэсэн байна. Иргэдээс ирсэн санал хүсэлтийн дагуу УИХ-ын гишүүн Б.Баттөмөр гадаад худалдаа эрхлэдэг иргэдийн ажиллах орчныг ийнхүү сайжруулах санаачлага гаргаж, холбогдох газруудад хандсанаар ХНХЯ, орон нутгийн төсвийн нийт 340 гаруй сая төгрөгийн өртөгтэй хоёр давхар барилга ашиглалтад орсноор төмс, хүнсний ногоо, сүү цагаан идээний худалдаа эрхлэгчид жилийн дөрвөн улирлын турш үйл ажиллагаагаа явуулах боломжтой болж байгаа аж.

Төвлөрсөн зах шиглалтад орсноор 100 гаруй байнгын ажлын байр бий болно гэж аймгийн ХХҮГ-ын дарга С.Энхболд онцолж байлаа.

Тус зах нээгдэхээс өмнө иргэд төв зам дагуу болон өглөө оройн цагт Дархан-Өртөөний орчимд гар дээрээс ил задгай худалдаа эрхэлдэг байсан.

Иргэд эрүүл ахуйн шаардлага хангасан орчноос өрхийн үйлдвэрлэл эрхэгчдийн өөрсдийн тарьж ургуулсан хүнсний ногоо, бэлтгэж боловсруулсан сүү, сүүн бүтээгдэхүүнээ ченжийн гар дамжуулахгүйгээр хямд үнээр шууд худалдаалах болсондоо талархалтай байлаа.

Энэхүү ажил нь Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан аж.