6300 хүүхдийг "шүд эрүүл бол бие эрүүл" аянд хамруулжээ
УИХ-ын гишүүн Л.Болдын Ажлын алба, Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн нэгдсэн төвийн шүдний эмч нар хамтран Яармаг бүсийн таван хорооны хүүхэд багачуудын амны хөндий, шүдний эрүүл ахуйд чиглэсэн “Шүд эрүүл бол бие эрүүл” аяныг энэ сарын 23-26-нд явууллаа.
Уг аяныг гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа юм. Өнгөрсөн хоёр жилд эрүүл мэндийн аянаар Яармаг бүсийн ерөнхий боловсролын сургуулиудын бага ангийн сурагчдыг хамруулсан бол энэ удаа цэцэрлэгийн насны хүүхдүүдэд амны хөндийн үзлэг оношилгоо, Герман Улсад үйлдвэрлэсэн шүд цоорлоос хамгаалах фторт түрхлэг түрхжээ.
Яармагийн таван хорооны долоон цэцэрлэгт нийт 2000 гаруй цэцэрлэгийн насны хүүхэд сурч хүмүүждэг байна. Шүдний эмч нар энэхүү долоон цэцэрлэгт ажиллахдаа фторт түрхлэгийг эцэг эхчүүдийнх нь зөвшөөрөлтэйгөөр багачуудад түрхэж өгснөөс гадна амны хөндийн арчилгаа, хэрхэн шүдээ зөв угаах талаар анхан шатны зөвлөгөө өгсөн байна.
Нийтдээ гурван жилийн хугацаанд Яармагийн ерөнхий боловсролын сургуулиудын бага ангийн сурагчид, цэцэрлэгийн насны 6300 гаруй хүүхдийг “Шүд эрүүл бол бие эрүүл” аянд хамруулжээ. УИХ-ын гишүүн Л.Болд уг аяныг дэмжиж хамтран оролцсон Яармаг бүсийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн удирдлагууд болон Хан-Уул Эрүүл мэндийн нэгдсэн төвийн Шүд, эрүү нүүрний тасгийн эмч сувилагч нарт баярлаж талархсанаа илэрхийлсэн байна.