Газраа чөлөөлсөн иргэдийн нөхөн олговрыг шийдвэрлэлээ
НИТХ-ын ээлжит XXI хуралдаанаар нийслэл хотод хийгдсэн бүтээн байгуулалтын ажлыг дэмжиж газраа чөлөөлсөн иргэдэд олгох нөхөн олговрын талаар хэлэлцлээ. Уг асуудлыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан хуралдаанд танилцуулав. Уг асуудал нь 2018 оны бүтээн байгуулалтад газраа чөлөөлсөн иргэдийн нөхөн олговрын асуудал боловч НИТХ-ын хурал хойшилсон учраас ийнхүү өнөөдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцсэн юм.
Нийслэл хотод хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлуудаас 105 байршилд газар чөлөөлөх, хөрөнгө оруулалт хийх шаардлага өнгөрсөн онд тулгарсан. Үүний дагуу дээрх барилгын нөлөөлөлд өртсөн 1914 нэгж талбарын 234.9 га газрын 1205 иргэнтэй хуулийн хүрээнд зөвшилцөл хийж 462 нэгж талбарыг нөлөөллөөс гаргаж 77 нэгж талбарыг нөхөн олгох буюу чөлөөлж 2018 онд батлагдсан төсөвт багтаан захирамж шийдвэрийг гарган 100 хувь шийдвэрлэсэн. Гэвч 2018 онд санхүүжүүлэхээр батлагдсан газар чөлөөлөх зардал хүрэлцээгүй учир нөхөн олговрын хөрөнгө батлагдсан тухайн үед олговрыг олгохоор зөвшилцсөн хэдий ч 25 иргэн газраа чөлөөлж нүүсэн байгаа юм.
Эдгээр 25 иргэн нөхөн олговроо аваагүй байна. Өвлийн улирал эхэлж нөхцөл байдал хүндэрсэн учир иргэдийн нийгмийн асуудалд анхаарч энэ асуудлыг НИТХ, НЗДТГ, холбогдох агентлагуудад удаа дараа хүсэлт тавьсан.
Концессын гэрээгээр нийслэл хотод өрнөсөн бүтээн байгуулалтаас 1.2 тэрбум төгрөгийн хэмнэлт гарч байгаа юм. Энэ асуудлыг шийдвэрлэх талаар НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулахад энэ чиглэлээр гэрээ байгуулж шийдвэрлэ гэсэн үүрэг өгсөн. Энэ дагуу газраа чөлөөлсөн 25 иргэнд нөхөн олговор олгох асуудлыг шийдвэрлэж өгнө үү хэмээн НИТХ-ын төлөөлөгчдөөс хүслээ.
НИТХ-ын дарга С.Амарсайхан тогтоолын төслийг танилцуулж, санал хураахад төлөөлөгчдийн олонх дэмжин баталлаа.