Ардын жүжигчин, Зууны манлай эмэгтэй дуурийн дуучин Х.Уртнасангийн эмчилгээний зардалд 10 сая төгрөг олгоно
2019.01.30

Ардын жүжигчин, Зууны манлай эмэгтэй дуурийн дуучин Х.Уртнасангийн эмчилгээний зардалд 10 сая төгрөг олгоно

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр боллоо.

-  “Төрийн жинхэнэ албаны тусгай болон ерөнхий шалгалт өгөх болзол, журам”-ын төслийг зарчмын хувьд дэмжив. Төрийн захиргааны албан тушаалд томилох үндсэн шалгуурт харилцааны болон ёс зүйтэй холбоотой шаардлагыг нэмж тусгах, ач холбогдолгүй, шаардлагагүй материал бүрдүүлэх зэргээр иргэдэд хүндрэл үүсгэхгүй байх, шалгалт авах байр, бусад нөхцөлийг хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хүртээмжтэй хэлбэрээр бүрдүүлэх зэргийг нэмж тусган Төрийн албаны зөвлөлд хүргүүлэхээр болов.

-  Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-15-ны өдрүүдэд Япон Улсад хийсэн албан ёсны айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахаар болов.

-  Монгол Улсын Төрийн шагналт, Ардын жүжигчин, Зууны манлай шилдэг эмэгтэй дуурийн дуучин Х.Уртнасангийн эмчилгээний зардалд 10 сая төгрөг олгохоор шийдвэрлэв.

-  БНХАУ-ын Ухань хотод болсон олон улсын циркчдийн уралдаанд тэргүүн байр эзэлсэн “Зола Брос” хамтлагийн уран бүтээлчдэд 52 сая төгрөгийн мөнгөн шагнал олгоно. Хамтлагийн уран бүтээлчид Т.Будын найруулсан “Хувьсал” үзүүлбэрээрээ алтан медаль хүртсэн байна.

-  Арабын Бүгд Найрамдах Сири Улсад олон хүний амь эрсдэн, их хэмжээний эд материалын хохирол учирч байгаатай холбогдуулан хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болов. Хөнжил, гудас, хичээлийн хэрэглэл, анхны тусламжийн иж бүрдэл зэргийг худалдан авах, хүргэхэд шаардагдах хөрөнгийг Засгийн газар гаргана. МУЗН “Хайрцаг дүүрэн хайр” аян өрнүүлж 1000 хүүхдэд тусламж үзүүлэхээр бэлдэж байна. Сири Улсын 13 сая хүнд хүмүүнлэгийн яаралтай тусламж хэрэгтэй байгаа бөгөөд зургаан сая нь хүүхэд юм.