БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг гахай жилийн анхны хурлаа хийж, баримтлах зарчмаа танилцуулав
2019.02.11

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг гахай жилийн анхны хурлаа хийж, баримтлах зарчмаа танилцуулав

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ёндонпэрэнлэйн Баатарбилэг гахай жилийн ажлын эхний өдөр яамны болон харьяа байгууллагын нийт албан хаагчдыг оролцуулсан анхны шуурхай хурлаа хийж, цаашид сайдын зүгээс баримтлах зарчмаа танилцууллаа.

Сайд яамны бүх газар хэлтсийн өнгөрсөн оны тайлан мэдээнд алдаа дутагдал цөөнгүй байгааг нэг бүрчлэн дурдаж, ахин ийм алдаа гаргахгүйгээр, албан хэрэг хөтлөлтийг боловсронгуй болгох, төлөвлөлтөө сайн хийхийг санууллаа.

Үндэсний хэмжээний хөтөлбөр бодлогын баримт бичгийг даруй боловсруулах, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход чиглэсэн хууль тогтоомжийг энэ оны Хаврын чуулганы үеэр УИХ-д өргөн барихаар төлөвлөн ажиллахыг мөн үүрэг болголоо.

Энэ оноос худалдан авах ажиллагааг яам хариуцахгүй, орон нутагт нь шилжүүлнэ. Орон нутагт шилжүүлсэн гээд тайван суухгүй, бодлогоо тодорхойлж, хяналтаа тавьж ажиллах хэрэгтэй. Хөрөнгө оруулалт гүйцэтгэлийн хувийг өндөрсгөх, сар бүрийн эхний 5-ны дотор аймаг орон нутаг, сум, дүүргээс явцын мэдээлэл авч, наймны дотор сайдад танилцуулах, шаардлагатай тохиолдолд зохих арга хэмжээг авч ажиллана гэлээ.

Яамны болон харьяа байгууллагуудын үйл ажиллагаа хэвийн ил, тод байдлыг хангаж ажиллах. Салбарын мэдээлэл сурталчилгааг шинэ төвшинд гаргах, хүн бүр хариуцсан ажлаа нээлттэй ил тод мэдээлэх чиглэлийг мөн өглөө.

Сайд салбарын албан хаагчдын шуурхай хурал дээр дотоод үйл ажиллагаатай холбоотой дараах санал, үүрэг,  чиглэлийг өглөө.

  •  Салбарын хэмжээнд албан хаагч бүрийн ажлын байрны тодорхойлолтыг эргэн харах, ажлын ачааллыг тэнцвэржүүлэх
  • Ажлын үр дүнг үнэлэх, урамшуулах журмыг эргэн харах
  • Албан хаагчдаа сургах, дадлагажуулах
  • Байгууллагын соёл, албан хаагчдын хариуцлагыг нэмэгдүүлэх
  • Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотой болон өмнөх сайд нарын санаачилсан ажил залгамж чанараа алдахгүй үргэлжлэн үр дүнтэй хэрэгжих
  • Төрийн албан хаагчдын тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх.

Бүх ажил арга хэмжээ, баримт бичиг хуулийн хүрээнд явах хэрэгтэйг онцгойлон санууллаа гэж БСШУСЯамнаас мэдээллээ.