Д.Оюунхорол: Яамдууд тендер зохион байгуулж байгаа нь хамгийн том алдаа
Тендерийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн хэлэлцүүлгийг өчигдөр Төрийн ордонд зохион байгуулав. Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол ахалж, хэлэлцүүлгийг удирдлаа.
Тендер зохион байгуулах, үнэлгээний комиссын үнэлгээ, тендерт ялагдсан компани нь шүүхдэж, төрийн худалдан авах ажиллагааг гацаадаг байдал сүүлийн хэдэн жил үргэлжилж байгаа юм.
Зөвхөн 2018 онд л гэхэд төрийн худалдан авах ажиллагааны 30 хувийн санхүүжилтийг олгож, үлдсэн 70 хувь нь буцаагдсан байна. Энэ нь төрийн худалдан авах ажиллагааг саатуулж, бүтээн байгуулалтын ажил ямар шатанд явааг харуулж байгаа гэдгийг хэлэлцүүлэгт оролцогчид онцолж байлаа. Гэхдээ аж ахуй нэгжүүдийн төлөөллийн зүгээс болон УИХ дахь ажлын хэсгийн зүгээс энэ хуулийг Засгийн газар эргүүлэн татаж, шинэчлэн боловсруулж оруулж ирэх ёстой гэж үзэж байгаагаа тодотголоо.
Тендерийн тухай хуульд хариуцлагын талаар тусгаагүй нь том алдаа болсон гэдгийг хэлэлцүүлэгт оролцогчид шүүмжилж байв.
Тиймээс тендерт оролцсон компани маргаан үүсгэхээр бол тендерийн үнэлгээний нэг хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг байршуулах зэрэг хариуцлагын асуудлыг нэмэлт, өөрчлөлтөд тусгажээ. Хуулийн хэрэгжилтийг баталсан өдрөөс нь хэрэгжүүлж, энэ хаврын бүтээн байгуулалтын ажил эхлэхээс өмнө бэлтгэл ажлыг хангах шаардлагатайг хууль санаачлагчид хэлэлцүүлгийн үеэр хэлж байлаа.
Мөн яам, агентлагууд бодлого биш тендер зохион байгуулах ажилд ихэнх цагаа зарцуулж байгаа учраас төрийн худалдан авах ажиллагааг зохион байгуулах тусгай агентлаг бий болох шаардлагатай гэдгийг ч хэлж байлаа.
Энэ үеэр хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч Д.Оюунхорол хэлэхдээ
“Манай ажлын хэсэг Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөлд нэмж тусгах олон асуудал байна гэж үзэж байгаа. Харамсалтай нь, өргөн барьсан төслөөс гадуурх зохицуулалтуудыг нэмж оруулах боломжгүй учраас шинэчилсэн найруулгын хэмжээнд ярилцах шаардлагатай байна. Тендер хариуцлагагүй зохион байгуулсан төрийн албан хаагчтай хэн яаж хариуцлага тооцох нь тодорхойгүй байна. Зөрчлийн тухай хуулиас тендерийн сонгон шалгаруулалтын зөрчлийг аваад хаячихсан. Энэ мэт алдаа байгаа учраас засч залруулах шаардлагатай байна. Мөн бага үнийн саналаар тендерийг сонгон шалгаруулдаг тогтолцоог бүхэлд нь өөрчлөх ёстой. Хамгийн гол нь мэргэжлийн баг бүрэлдэхүүнтэй, ТЭЗҮ-ээ боловсруулсан, тухайн ажлыг үнэхээр хийх чадвартай багт нь өгдөг байх ёстой. Тендер авдаг томоохон компаниудын бүлэглэл бий болсон. Энэ компаниуд ямар ч ажил хийхгүй, дундаас нь хувь аваад суудаг. Жинхэнэ ажил хийж байгаа аж ахуйн нэгжид нь тендерийн үнийн дүнгийнх нь 70 хувь л очдог.
Энэ компани нь өөрөө бас ашиг олох хэрэгтэй болно. Ингэхээр төсвийн хөрөнгө оруулалт үр дүнгүй урсаж, бүтээн байгуулалтын ажил чанаргүй болж байна. Мөн тендерийн маргааныг шуурхай шийдвэрлэдэг байх хэрэгтэй. Зарим оролцогч нь тухайн тендерээ хүчингүй болгох зорилгоор гомдол гаргаад орхичихдог тухай ярьж байгаа. Тиймээс аль аль талыг нь хариуцлагажуулахын тулд энэ заалтыг оруулсан. Түүнээс гадна яамдууд тендер зохион байгуулж байгаа нь хамгийн том алдаа. Өмнө нь тендер хариуцсан агентлагтай байсан. Гэвч энэ агентлагийг л татан буулгачихвал бүх тендер тойрсон асуудал байхгүй болох юм шиг ойлгоод татан буулгаж яамдуудад хариуцуулсан. Тиймээс үүнийг төрийн захиргааны байгууллага дагнаж гүйцэтгэх нь зүйтэй юм” хэмээлээ.