С.Эрдэнэ: Нэг нам төрийн өмчийг дангаар завшсан хувьчлал байсан
2019.03.01

С.Эрдэнэ: Нэг нам төрийн өмчийг дангаар завшсан хувьчлал байсан

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улсад 1992 оноос эхлүүлсэн өмч хувьчлалын үр дүнг өнөөг болтол хэн ч дүгнэж, алдаа оноог нь тооцолгүй явж ирсэн байна. Тийм учраас өмч хувьчлалын үр дүнг заавал судалж, дүгнэх ёстой” гэж үзэн ажлын хэсэг байгуулан шалгахаар болсон.

Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр:

-Өмч хувьчлалын асуудлыг бодитой шалгаж чадвал сайн. Түүнээс бус улс төрийн ашиг сонирхлын үүднээс халхавч хийвэл болохгүй. 1990 оны хувьчлалыг өнөөгийн МАН буюу тэр үеийн МАХН-ын 100 хувийн засаглалтай байсан. Цэнхэр, ягаан тасалбарыг хэрэгжүүлсэн нам бол МАН. Тухайн үед ардчилагч нар гарч ирээд өмч хувьчлалыг явуулж, ардчиллынхан аваад идчихсэн юм шиг ярьж байгаа. Тухайн үеийн МАН-ын дарга нар өмч хувьчлалын сор болсон үйлдвэр, завод, малыг авсан. Бодит байдлыг цаг үед нь очоод харахад тухайн үеийн дарга нар хэн байсан бэ.  Тэр үед ардчиллын залуучууд ямар ч албан тушаалд очоогүй байлаа. Тухайн үед албан байгууллагын дарга гэхээсээ намын дарга нь илүү эрх мэдэлтэй байсан. Би аливаа зүйлийг зохиож яриагүй. Тэр өмч хувьчлалыг харж, мэдэрч байсан хүний хувьд бодит байдал юм.

Өмч хувьчлалыг шалгах гэж байгаа ЗГХЭГ-ын дарга тухайн үеийн намынхаа дарга нарыг шалгана гэсэн үг. Зах зээлийн шилжилтийн цаг үе бол нэг намын дарангуйлал хэвээрээ хадгалагдаж байсан цаг үед өмч хувьчлал явагдсан нь улс төрийн маш том алдаа гарсан. Нэг намын төлөөлөл улс орныг удирдаж байсан нь төрийн өмчийг дангаар завшсан хувьчлал болсон. 

МАН нам 98 жилийнхээ хугацаанд юу бүтээв гэдгийг бодитоор дүгнэх цаг болсон. Жижиг, том хулгай гэж байдаггүй. Хулгай бол хулгай. Өнөөдөр 10 сая төгрөгөөс дээш төгрөгийн хохирлыг иргэн, аж ахуйн нэгж улсад учруулсан байвал их хэмжээний хохирол. Гэтэл өнөөдөр хэдэн тэрбум төгрөгийн хөрөнгийг завшаад явж байна. У.Хүрэлсүх хулгай хийж болно, бусад нь болохгүй гэсэн логик гарч ирээд байна.

Монгол Улс ардчилсан Үндсэн хуулиа 1992 онд баталсан. Монгол Улсын иргэн хэн ч байсан шүүх, хуулийн өмнө тэгш эрхтэй. Монгол Улс парламентын засаглалтай улс болохоос дарангуйллын засаглалтай улс орон биш. Хулгай хийсэн хүнийг хүртэл зөвтгөн бичиж, нийгмийн тархийг угаах гээд байна. Тийм учраас хариуцлага тооцох ёстой. Мэдээлэлд ойрхон байгаа боломжоо ашиглаад иргэдэд очих ёстой, төсвийн мөнгөнөөс тэрбум тэрбумаар нь авчихаад зээл авлаа гээд байна. Сүүлийн үеэд ЖДҮХС-гаас хулгайлсан хулгайгаа цайруулах гээд улайрч байна. Хулгайч нарт хариуцлага тооцох ёстой. “60 тэрбум”-ийн шууд тусгал нь “ЖДҮ”.  Иргэдэд очих боломжийг хулгайлах нь маш том гэмт хэрэг. “Эрдэнэт”-ийн 49 хувийг нууцын зэрэглэлээс гаргалаа гээд байна. Гэтэл 51 хувийн асуудлыг яагаад сөхөхгүй байна вэ. 

Өнөөдөр нэг улсын төрийн эрх барьж байгаа хүмүүс иргэдээ талцуулан, хэрэлдүүлж, өдөөн турхирах маягаар нийгмийн эмх замбараагүй байдалд оруулж байна хэмээн байр сууриа илэрхийлэв. 

Цаашлаад "Эрх баригч хүчин өнгөрсөн хугацаанд шинэ ажлыг эхлүүлж, өрнүүлсэнгүй. АН-ын хийсэн ажлыг үргэлжлүүлж байна. Харин ч өрийг өрөөр дарж, өр нэмлээ" хэмээн эрх баригч хүчний үйл ажиллагаанд шүүмжилж, "худлаа ярихаа больж, ажлаа хий" хэмээв