Ц.Байгалмаа: Нийслэлийн бодлогыг тодорхойлоход эмэгтэйчүүдийн оролцоог хангах үүднээс НИТХ-ын даргад нэрээ дэвшүүллээ
2019.02.28

Ц.Байгалмаа: Нийслэлийн бодлогыг тодорхойлоход эмэгтэйчүүдийн оролцоог хангах үүднээс НИТХ-ын даргад нэрээ дэвшүүллээ

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурлын /НИТХ/ ээлжит XXII хуралдаан өнөөдөр болж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн төдийгүй МАН-ын Удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу С.Амарсайхан Улаанбаатар хотын даргаар сонгогдсон билээ. Тиймээс өнөөдөр НИТХ-ын даргыг сонгоно.

НИТХ-ын даргаар МАН-ын Удирдах Зөвлөл Р.Дагвын нэрийг дэвшүүлсэн бол төлөөлөгч Ц.Байгалмаа заалнаас өөрийнхөө нэрийг дэвшүүллээ. Р.Дагва нь 2018 оны 11 дүгээр сараас НИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байгаа. 

Харин Ц.Байгалмаа нь НИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч бөгөөд МАН-ын бүлгийн дэд дарга юм. Тэрбээр өөрийн нэрийг дэвшүүлэхдээ 

"Иргэдийн маань 50-иас дээш хувь нь эмэгтэйчүүд байгаа. Хотын амьдрал, хотын төлөвлөлт гээд бүх ажилд эмэгтэйчүүдийн оролцоо илүү байгааг харж байна. Өнөөдөр НИТХ-ын 45 төлөөлөгчийн 10 нь эмэгтэй, тэр ч утгаараа эмэгтэйчүүдээ төлөөлж улс төр гэх ширүүн бөгөөд ур ухаан шаарддаг энэ салбарт надад итгэж сонгосон иргэдээ төлөөлж нийслэлийн бодлогыг тодорхойлох ажилд эмэгтэйчүүдийн оролцоог хангаж ажиллах үүднээс НИТХ-ын даргад өөрийн нэрийг дэвшүүлж байна" гэсэн юм.

НИТХ-ын даргад нэр дэвшүүлэх ажиллагаа дуусч төлөөлөгч А.Бямбадорж хэлэлцэх асуудалтай холбоотойгоор нэг цагийн завсарлага хүссэн ч хурлыг даргалагч Б.Батнасан 30 минутын завсарлага өглөө.