Иргэний үүргээ биелүүлсэн мэргэжилтэн “Шударга журам” медалиар шагнууллаа
2019.03.18

Иргэний үүргээ биелүүлсэн мэргэжилтэн “Шударга журам” медалиар шагнууллаа

Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын яамны Соёлын бодлогын газрын ахлах мэргэжилтэн З.Баянзул эрдэнэт хүний амь насыг аварч Монгол Улсын Зэвсэгт хүчний 98 жилийн ой өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Шударга журам” медалиар шагнууллаа.

Тэрээр 2015 оны долдугаар сард Увс аймгийн Улаангом суманд Увс нуурын эрэг дээр амарч байхдаа усанд живж байсан хоёр охины амь насыг аварчээ.

Тухайн үед дугуйны дотуур хаймар дээр хөвөн тоглож байсан хоёр охин салхинд туугдан нуурын гүнзгий хэсэгт очуутаа усанд унаж аюултай байдал үүсчээ. Ойр хавьд сэлж чаддаг хүн байгаагүй ч  З.Баянзул самбаачлан ойр байсан автомашины хийлсэн дотуур хаймрыг хүзүүндээ углаж түрүүлэн ус руу орон Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо Улаанбаатар төмөр замын 20-р сургуулийн 9-р ангийн сурагч Солонгоогийн алтан амийг аварчээ.

Хоёр дахь хүүхэд болох Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо Улаанбаатар төмөр замын 20-р сургуулийн 9-р ангийн сурагч Халиунаа нь нэлээн удаан хугацаанд усанд амь тэмцэн самардаж байгаад мөн л живж эхлэх үед Эрдэнэт хотын Хангарьд спорт ордны дарга, Үндэсний сурын дархан мэргэн, гавьяат тамирчин Ш.Даваахүү уснаас гаргасан байна.

Ш.Даваахүү, З.Баянзул нар нь өөрийн амь насыг үл хайхран дээрх 2 охины амийг аварч иргэнийхээ үүргийг нэр төртэй биелүүлсэн тул Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 42 дугаар зарлигаар “Шударга журам” медалиар шагнасныг Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд Ё.Баатарбилэг, дэд сайд Г.Ганбаяр нар гардууллаа.