С.Эрдэнэ: Л.Болд манай намын гишүүнчлэлээсээ хасагдаагүй байгаа
2019.03.22

С.Эрдэнэ: Л.Болд манай намын гишүүнчлэлээсээ хасагдаагүй байгаа

Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй ярилцлаа.


-Н.Алтанхуяг намдаа шинэчлэл хийх хэрэгтэй гэж ярьсан. Намынн шинэчлэлийн ажилд Н.Алтанхуяг даргатай хамтран ажиллаж байна уу?

-2016 оны арванхоёрдугаар сард хуралдсан АН-ын VI их хурлаас намын шинэчлэлийн үйл явц эхэлсэн. Энэ үйл явцаар гишүүдийн оролцоотой бодлогын нам болохгүй бол цааш явахгүй нь ээ гэдэг байдалд хүрсэн. Улмаар АН-ын даргыг бүх гишүүдээс сонгох дүрмийн өөрчлөлтийн дагуу таван хүн өрсөлдөж, нэгдсэн дүнгээр би олонхын санал авч сонгогдсон.

Энэ цагаас хойш Н.Алтанхуяг дарга ялагдлаа хүлээн зөвшөөрдөггүй юм уу, намын шинэчлэлийг хийнэ гэж явчихаад үүнээсээ ухарсан үйлдэл хийсээр ирсэн. Энэ хугацаанд намын үйл ажиллагаанд шууд оролцоогүй. Шууд бус хэлбэрээр нам руу дайрах үйлдэл хийж ирсэн. Н.Алтанхуяг дарга Сүхбаатарын талбайн зүүн урд талд байсан хоёр давхар намын байрыг тодорхой банкинд зарсан. Хэдэн төгрөгөөр арилжсан нь тодорхойгүй. Ямар ч санхүүгийн баримтаа надад өгөөгүй. Олдохгүй байна гэсэн шалтгаанаар өнөөг хүргэсэн. Тухайн үед Н.Алтанхуягийг дарга байхад намын шинэ байр барина гэж маш олон гишүүдэд нэг, хоёр сая төгрөгийн үнэтэй тоосго зарж хандив цуглуулсан. Тэр хандивын мөнгө хаачсан нь бүү мэд. Өнгөрсөн он жилүүдэд АН-ын татвар хураалт, хандивын зарцуулалтын тайлан над дээр ирээгүй.

Намайг ажил авахад архив, санхүүгийн баримт материал, тоног төхөөрөмж гэж байгаагүй. Үндсэндээ би нэлээн их өртэй, хоосон тамга хүлээж авсан. Н.Алтанхуягийн хувьд Төв шуудангийн өмнө байрлах байшинг зарчихсан. Мөн л одоо болтол гэрээ хэлэлцээрийн санхүүгийн баримт материал олдохгүй байгаа. Үүнээс харахад намаа шинэчилнэ гэж цээжээ дэлдсэн ч үг, үйлдэл хоёр нь зөрөөд байна. Үндэсний зөвлөлдөх хороонд байсан бүрэлдэхүүний 60-аад хувь нь тэр үеийн Алтан гадас франкцийн гишүүд байдаг. Яг тэр давуу эрхээ халгалж явсныг зогсоосон. Үндсэндээ Н.Алтанхуягийн үг нам дотор хааны үг шиг болсон. Алтан гадас фракцид л хадаг барихгүй бол ямар нэгэн ажил, албан тушаалд очих байдал гарахгүй. Ийм учраас энэ бүгдийг өөрчилье гэсэн.

-Таны хувьд намын даргын үүрэгт ажлаа хангалттай гүйцэтгэж байгаа гэж үзэж болох уу?

-Ямар ч байсан намын даргаар сонгогдсоноос хойших гурван жилийн хугацаанд Ардчилсан намд үйл ажиллагаа, өрнөсөн он жилүүд байлаа. Гишүүд ч үүнд сэтгэл хангалуун байгаа. Н.Алтанхуяг гэдэг хүн намыг шинэчлэх биш, намыг хагалан бутаргах, өөр хэсэг бүлэг хүмүүсийн хүсэл зоригийг хэрэгжүүлэх даалгавар авсан юм уу, ямар зорилготойг ойлгоогүй. Өнөөдрийн АН-д бий болоод буй үнэт зүйлийг үгүй болгох гэж байгаа бол чадахгүй гэдгийг хэлье. Энэ шинэчлэлийг ганцхан С.Эрдэнэ хийсэн юм биш, АН-ын бий болгосон зүйл. Н.Алтанхуяг даргыг дэмий юманд цаг, хүчээ үрэх шаардлагагүй байх гэж хэлмээр байна.

-Таныг тойрсон асуудлууд сүүлийн үед өрнөөд эхэллээ. Эрдэнэтийн 49 хувийн асуудалтай таныг холбоотой гэсэн мэдээлэл гарсан. Үүн дээр та тайлбар өгөхгүй юу?

-Дургүй хүрсэн улстөрчийнхөө духан дээр нь МАНАН гээд бичиг наадаг, олон түмний дэмжлэг авсан асуудлуудыг сөргөөр нялзаадаг хэт популист хандлага Монголын улс төрд ноёрхлоо. Сүүлийн үед хараад байхад популизм хол явахгүй нь ажиглагдсан. Яагаад гэвэл иргэдийн ойлголт ч гэсэн өөр болоод эхэлчихсэн. Нэг хэсэг МАН, попордог таван гишүүнийг шүүмжилэхээр л тасдаж идчих гээд байсан. Одоо арай өөр өнцгөөс хардаг болчихжээ. Үүний нэг илрэл нь 49 хувь.

Би УИХ-ын чуулган болон байнгын хорооны хуралдаан дээр 49 дээр ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй. 49 хувь Оросын өмч байсныг нэг хэсэг хүмүүс аваад ороод ирсэн. Одоо энэ асуудлыг зөв үү, буруу юу гэдгийг хууль хяналтын байгууллага нь шалгаж тогтооно. Эрдэнэт гэдэг том үйлвэр 100 хувь Монголын өмч болчихлоо. Гэтэл 51 хувийг яагаад ярихгүй байгаа юм. Хууль зүйн сайдаар хорь, гучин жил ажилласан Ц.Нямдорж гэж нөхрийг би гайхаж байна. Яагаад Ц.Нямдорж 51 хувиас зугтаагаад байдаг юм.

Өөрийнх нь ах, дүү, танил талууд 51 хувь дээр ямар их шахаа хийж, хууль бусаар мөнгө цусласныг би мэднэ. Заримыг нь олон нийтэд гаргаж тавьсан. Тэглээ гээд үүн дээр хууль хяналтын байгууллага шалгалт явуулаагүй. 49 хувиар үндсэндээ сөрөг хүчнээ муулах, харлуулах гэсэн улс төрийн зорилго цаана бий. 51 хувь Монголын мэдэлд байна уу. Стандарт гээд Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын банкны барьцаанд 51 хувийг тавьчихсан. Гэтэл миний авсан мэдээллээр Хятадын банкууд Стандарт банкны их хэмжээний хувьцааг авсан гэсэн. Хэрвээ Стандарт банк Хятадын банкны мэдэлд шилжээд үүнийг нь дагаад Эрдэнэтийн 51 хувь Хятадын талд шилжвэл юу болох вэ. Яаж ч чадахгүй шүү дээ. Олон улсын Арбитрийн шүүхийн шийдвэр гарчихсан. Үүнтэй хэн ч маргах эрхгүй.

Өдөрт хэдэн арван сая төгрөгийн хүү, торгуулиа зогсоохын төлөө явахгүй байна. Ерөнхий сайд Судан явахынхаа оронд ӨАБНУ-д очоод Стандарт банкны удирдлагуудтай хэлцэл хийх ч юм уу, хүүг зогсоох тал дээр ямар нэгэн юм хийхгүй байгаа юм бэ. Хүү, тогуулийн хувь хэмжээ өсөөд байна гэхээр эргээд үүнийг улсын төсвийн хөрөнгөөр л төлнө шүү дээ. Юм болгоныг улстөржүүлж болохгүй. 49 ч тэр, 51 ч тэр хамтад нь шалгая. Ж.Санжмятав гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг гарсан. Эрдэнэтийн асуудлаар эцсийн дүгнэлт гаргаж чадаагүй байна. Хууль шүүхийн байгууллагаас тайлбар материал гаргаж өгөөгүй.

-С.Зоригийн хэрэг задрахаар болчихлоо...

-С.Зоригийн хэргийг олон сонгуульд улс төр хийж байна. Одоо ч дахиад ашиглаад явж байна. Ашигладаг хүмүүсийнх нь тоо бүр нэмэгдчихсэн. Яагаад хорь, гучин жил Хууль зүйн яамыг толгойлчихоод Ц.Нямдорж энэ хэргийг илрүүлэхгүй байгаа юм. Ноцтой мэдэгдэлүүд байнга л хийдэг мөртлөө ажлаа хийхгүй улс төр болгоод явдаг. Тэр бүү хэл МАН дотор энэ хэргийг илрүүлнэ гээд гишүүн болчихсон хүмүүс цохиж яваа. Үе үеийн МАН-ын удирдлагуудын хийдэг улс төр.

-Ж.Батзандан, Л.Болд нар шинээр нам байгуулна гэдгээ мэдэгдсэн. Үүн дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Нам байгуулаад явах нь тэдэнд хуулиар олгогдсон эрх. Хоёрдугаарт, эрхээ эдлэхийн тулд үүргээ биелүүлдэг байх учиртай. Жишээ нь, Л.Болд гишүүн дунд шатны намын гишүүнчлэлээсээ хасагдаагүй. Хан-Уул дүүргийн АН-ын хороо Л.Болдод албан ёсны хариу өгсөн байна лээ. Юу гэж өгсөн гэхээр “Та УИХ-ын гишүүнийхээ асуудлыг шийдвэрлэснийхээ үндсэн дээр таны намын гишүүнчлэлийн асуудлыг шийдвэрлэх болно” гэсэн. Нэг үгээр хэлбэл “Та манай дүүргийн тойрог дээр АН-ын нэр дээр сонгогдож гишүүн болсон. Хэрвээ намаас гарч байгаа бол УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхийг буцааж өг” гэдэг шаардлага тавьсан байна лээ. Үүнд Л.Болд одоо болтол хариу өгөөгүй байгаа. Дунд шатны нам шийдвэрээ гаргаагүй учраас бид бас шийдвэр гаргах боломжгүй.

Гомдолтой гэж үзвэл хууль шүүхийн байгууллагад хандах эрх нь нээлттэй. Үүнийг шийдээгүй байж нам байгуулаад явах юм. Хорин есөн жил энэ намын тогооноос хооллож, энэ намын дэмжлэгээр төрийн хашиж болох бүх л албан тушаалыг хашсан ийм хүн. Өнөөдөөр хооллосон тогоо руугаа нулимаад сонин юм яриад “Амиа зольход бэлэн хүмүүсийг урьж байна” гэнэ. Юуны төлөө, хэний төлөө, хаана ямар амь золих гээд байгаа юм. Л.Болд маань ардчилагч мөн үү. Үзэл санаанаасаа ухарчихсан мэдэгдэл хийгээд явж байна.

-Бүлгийн талаар ярилцъя. АН-ын бүлэг тарж, зөвлөлийн статусаар явна гэсэн. Үүнийг өрөг хүчнийхээ үйл ажиллагааг үргэлжлүүлнэ гэж ойлгох уу?

-Л.Болд гишүүний асуудал дээр намын дунд шатны шийдвэр гарвал намын гишүүнчлэлээс чөлөөлбөл хуульд заасан журмаараа зөвлөлийн статус руу шилжиж ажиллана. Тэглээ гээд АН-ын үйл ажиллагаанд ямар ч нөлөөгүй. Яагаад гэвэл бүлгийн хувьд завсарлага авах ганцхан боломж байдаг. Бүлгийн ажлын албанд таван хүн ажилладаг. Зөвлөлийн статус руу шилжлээ гэхэд бүлгийн ажлын алба хэвээрээ ажиллана.

-УИХ-ын дэд дарга яах бол?

-УИХ-ын дэд дарга нэгэнт сонгогдсон бол бүрэн эрх нь хэвээрээ хадгалагддаг хуультай. Тэгэхээр асуудалгүй. Бид завсарлага авах гээд ярихаар эд нар хэт олонхоороо түрээд өгдөггүй. Заримдаа ганц цагийн завсарлага өгч шууд бус утгаараа доромжилдог. Хэт олонхын парламентад завсарлага аваад ч бид үр дүнд хүрдэггүй. Бид зүгээр л нийгэмд дуу хоолойгоо хүргэх, шүүмжлэх, АН-ын байр суурийг илэрхийлэх ажлаа парламентэд хийгээд явах боломжтой. Яагаад гэвэл АН-ын нэр дээр сонгогдсон гишүүд бүрэн эрхээ хэрэгжүүлж яваа цагт бидний дуу хоолой гарсаар байна.

-УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төсөл санаачилсан. Энэ хуулийн төслийн ажил ямар шатанд яваа вэ?

-Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл л дөө. Хууль санаачлах хуулийн дагуу би санал авсан. Засгийн газраас одоо болтол албан ёсны хариу ирээгүй. Хуулийн хугацаа нь дуусч байгаа. Одоо шууд УИХ-д өргөн барина. Яагаад гэвэл Засгийн газар хариу өгөлгүй хуулийн хугацаа дууссан тохиолдолд шууд УИХ-д өргөн барих эрх нь нээгддэг хуультай. Нийтийн хэлэлцүүлэгт оруулчихсан. Цаашдаа гишүүдийн үүрэг тангаргаасаа суларч, өргөсөн тангаргаасаа няцах явдал их гарч байна.

Сонгогчидоо хууран мэхэлж байна. МАН ямар гоё чихэр бурам шиг мөрийн хөтөлбөр дэвшүүлж иргэдийн саналыг авлаа. Одоо амлалтаас нь юу ч биелээгүй. Өр нэмэгдүүлэхгүй гэсэн чинь бараг зургаа орчим тэрбум ам.доллараар нэмчихлээ. 22.4 тэрбум ам.долларын нийт гадаад өртэйгөөр МАН-д хүлээлгэж өгсөн. 2019 оны нэгдүгээр улирлын байдлаар Монгол Улсын нийт гадаад өр 28.7 тэрбум ам.доллар болчихсон. Өр бууруулж байна гэж худлаа ярьж байна. Нийт ДНБ-тэй харьцах өрийн хэмжээг хувиар тооцож үзүүлээд байгаа юм. Ингэж харьцуулсан хувь чинь буурч харагдаад байна.

-Ээлжит бус чуулган эхлэчихлээ. Хэлэлцэх асуудлуудын талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Ээлжит бус чуулган хуралдаж болно. Гэхдээ ээлжит бус чуулганыг зайлшгүй нийгэм, эдийн засгийн хүлээлт, тулгамдсан асуудал үүссэн тохиолдолд хуралдуулаг. Яг зайлшгүй гэх үндэслэл ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалыг харахаар алга. Татварын багц хуулиар жижиг аж ахуйн нэгжүүдэд өгөх хөнгөлөлтийг хойшлуулах шийдвэрийг МАН-ынхан гаргачихлаа.

Жижиг аж ахуйн нэгжүүдийн хүлээлт талаар болж байна. Багц хуулиар ямар үр дүнд хүрэх гээд байгаа юм. Хараад байхад гадаадын хөрөнгө оруулагчидад асар өндөр хөнгөлөлт очихоор байна. Дотоодын томоохон аж ахуйн нэгжүүдэд очих татварын дарамт нэмэгдчихсэн. Төсвийн орлогыг бүрдүүлж байгаа гол компаниуд дээрээ дарамт өгч байна. Ээлжит бус чуулган дээр хэлэлцэх асуудлыг харахад баахан томилгоо л байна даа.

Эх сурвалж: "ӨДРИЙН СОНИН" 

Э.ЯНЖМАА