2019.04.03

БЗД-ийн 26-р хороонд сургууль барих газрын асуудлыг шийдүүлэхээр ажиллаж байна

УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын сонгогдсон тойрог буюу Баянзүрх дүүрэг нь хүн ам ихтэй, барилгын нягтаршилтай газар нутаг. Хүн амын суурьшилаас шалтгаалан хороодод цэцэрлэг, сургуулийн хүрэлцээ харилцан адилгүй байдаг.

Баянзүрх дүүргийн 26-р хороо нь одоогоор нэг ч сургууль, цэцэрлэггүй бөгөөд иргэдийг төлөөлөн УИХ-д ажиллаж байгаа Ж.Энхбаяр гишүүн энэ хороонд 920 хүүхдийн ЕБС-ийн барилга бариулахаар хичээн ажиллаж байна.

Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэр

Улсын нэгдсэн төсөвт сургууль бариулахаар 6,6 тэрбум төгрөгийг батлуулсан. Мөн барилгын зураг төсөл гарч, газар нь сонгогдоод,  компани нь шалгараад байгаа ч газрын маргаан үүссэн учраас барилгын ажил хойшилсоор байна.

Сургуулийн барилгын зураг

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр сургуулийн барилгын газрын маргаан үүссэнтэй холбоотойгоор Нийслэл хотын удирдлагуудад 2018 оны 12-р сард албан бичиг хүргүүлсэн.

Тэрээр сургуулийн газрын асуудлаар хотын дарга С.Амарсайхан, Нийслэлийн газрын албаны дарга Э.Болорчулуун нартай удаа дараа уулзсан юм.

Харин өнөөдөр /2019.04.03/ Баянзүрх дүүргийн 26-р хорооны иргэд үр хүүхдүүдийнхээ сурах эрхийн төлөө жагсаал зохион байгууллаа. Тэд ЕБС баригдах газрын асуудлыг шийдэж, хүүхдүүдийн сурах орчинг бүрдүүлж өгөх шаардлагыг тавьж байгаа юм.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаярт иргэдийн зүгээс тус хороонд цэцэрлэгтэй болгож өгөх хүсэлтийг удаа дараа тавьж байгаа. Гэвч цэцэрлэг барих газар байхгүй. Иймд гишүүний зүгээс цэцэрлэгийн зориулалтаар ашиглагдах боломжтой бэлэн барилга 26-р хороонд худалдаж авахаар хайж байна.