Н.Цэрэнбат: “Зүүн баян рефайнери” компани 13 тэрбум төгрөгийн хохирол учруулсан
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатаас цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.
Тэрбээр “Зүүн баян рефайнери компанийн тусгай зөвшөөрлийг цуцалчихаад байхад үйл ажиллагаагаа явуулсан хэвээр байна. Яагаад гэдгийг шүүхийн байгууллагаас асуу. Ерөнхийдөө маргаантай байгаа асуудал. Оюунхоролыг БОАЖ-ын сайдаар ажиллаж байх үед тухайн компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсан байдаг. Миний үед дахиж олгосон асуудал байхгүй. Шүүх дээр маргаан үүссэн учир бүх талуудын оролцоог түдгэлзүүлчихсэн” гэлээ.
-Тусгай зөвшөөрлийг яг ямар сайд олгосон бэ?
-Оюунхорол сайдаар ажиллаж байхаас өмнөх сайд албан тушаалтнууд олгосон байдаг. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэн шүүхийн байгууллагаас асуу. Богд уул, Туул голтой холбоотой асуудал шүүх дээр шийдэгдвэл түүнийг бид биелүүлэх үүрэгтэй. Та бүхний хардаад байгаа шиг би тэдэнтэй тохирчихоод байгаа зүйл байхгүй.
-Хотын даргын төрсөн ах нь 2 га газрыг сүйтгээд байгаа гэх мэдээлэл бий. Танай яамнаас байгаль орчинд хичнээн хор хохирол учруулаад байгааг тогтоосон уу?
-Ажлын хэсэг байгуулагдаж ажиллаад дүгнэлт гаргачихсан. Нэгдсэн байдлаар 13 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэсэн мэдээлэл бий.
-Тухайн үед хэдхэн төгрөгөөр торгоод өнгөрсөн гэдэг мэдээлэл бий. Яг хэдэн төгрөгөөр торгосон бэ?
-Намайг ажлаа авснаас хойш ямар ч торгуулийн үйл ажиллагаа явагдаагүй. Яагаад гэвэл шүүх дээр асуудал эцэслэн шийдэгдээгүй. Шүүхийн шийдвэрээс бүх зүйл шалтгаална. Тэрнээс биш одоо зөв бурууг нь би хэлж мэдэхгүй.
-Тухайн газрыг байгаль орчны мэдлээс гаргах асуудлыг хэзээ хэлэлцэх вэ?
-Хэлэлцүүлэг хуулийн дагуу явагдаж байна. Хамгийн түрүүнд суурьшлийн бүсэд ямар барилга баригдах, ямар барилга барихыг хориглох тухай яригдаж байна. Түүнчлэн хууль өргөн барихаар төлөвлөж ажлын хэсэг ажиллаж байна. Тусгай хамгаалалттай газар баригдсан үл хөдлөх хөрөнгөд үл хөдлөх хөрөнгийн татварыг нэмэлтээр тогтоох хувилбар яригдаж байна. Цаашид байгалийн цогцолборт газар баригдах барилгыг татвартай болгоно.
Сэтгүүлч П.Урнаа