2019.04.15

Отгон гавьяатад хүндэтгэл үзүүлэж, салбарын багш нартаа шагнал гардууллаа

Монголын багш нарын VII их хурлыг тохиолдуулан Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гарган багш нарт ардын болон гавьяат цол гардуулсан.

Тэдний нэг нь Мэргэжлийн боловсролын салбарын ууган доктор Сэнгээгийн Цээпил багш. Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх үйлст бүхий л амьдралаа зориулж яваа салбарынхаа отгон гавьяатыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд өнөөдөр /2019-04-15/ хүндэтгэл илэрхийллээ.

Мөн Ерөнхийлөгчийн зарлигаар хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж төрийн дээд шагнал "Алтан гадас" одонгоор энгэрээ мялаасан Үйлдвэрлэл урлалын политехник коллежийн багш Дондовын Ариунболд, Монгол-Солонгосын политехник коллежийн сургалтын менежер Дэмбэрэлийн Буяндэлгэр, багш Галиндэвийн Цолмон, Барилгын политехник коллежийн багш Жамбын Амаржаргал нарт шагналыг нь гардууллаа.

Засгийн газрын шагнал "Хөдөлмөрийн тэргүүний ажилтан" цол тэмдгээр Төв аймгийн Эрдэнэ суман дахь МСҮТ-ийн захирал Шархүүгийн Отгон, Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төвийн Мэргэжлийн боловсрол олгох сургуулийн захирал Буянравжихын Алтмаа, Боловсролын тэргүүний ажилтан" цол тэмдгээр ХНХЯ-ны Мэргэжлийн боловсрол сургалтын салбарын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Эрдэнийн Түмэндэмбэрэл нарыг шагнасныг ч гардуулан өглөө.