Д.Сумъяабазар: Оюутолгой дээр улс төр хийдгээ одоо болих хэрэгтэй, төслийг зогсоохгүй
2019.04.16

Д.Сумъяабазар: Оюутолгой дээр улс төр хийдгээ одоо болих хэрэгтэй, төслийг зогсоохгүй

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Монгол дахь Америкийн худалдааны танхимын гишүүдтэй уулзалт хийж байна. Энэ үеэр Оюутолгой бүтээн байгуулалтын үргэлжлэх үү, хэдхэн хоногийн өмнө сайдын "Оюутолгой төслийг зогсоохгүй" гэж мэдэгдсэн  нь Засгийн газрын байр суурь мөн үү гэдгийг танхимын гишүүд тодруулж асуулаа. 

Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар:

Оюутолгой төсөл дээр хангалттай улс төр хийж байгаа. Монгол Улс өөрөө хөрөнгө оруулагчдыг татах бодлого баримталж байна. Бид түүхээ мартчихдаг болсон байна.  Гуравдагч хөрш бол Монгол Улсын хөгжлийн гарц гэж 100 жилийн өмнө л ярьж байсан, одоо ч ярьдаг. Гуравдагч хөршийн бодлогыг Монгол Улс улсаараа дэмжиж, урагшлах ёстой. Өнөөдөр гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа төсөл бол Оюутолгой. Тэгвэл Монголоос Оюутолгой хөрөнгө оруулагч “Рио Тинто" гарлаа, гаргалаа гэж бодъё.

Тэгвэл Монгол Улсад хэн орж ирэх юм бэ. Ийм мэдээжийн зүйл дээр улс төр хийдгээ болих хэрэгтэй. Өмнөх Засгийн газруудын бодлогыг үргэлжлүүлж ажиллах ёстой. Бид Оюутолгойн төслийг амжилттай үргэлжлүүлэх ёстой. Би уул уурхайн сайдын хувьд бүх талаас нь дэмжиж ажиллана. Энэ төслөөс ард түмний хүртэх өгөөжийг байршуулах хэрэгтэй байна. Бүтээн байгуулалтын ажлууд буюу цахилгаан станц барих, төмөр зам, авто зам барих, гүний уурхайн ажлыг хугацаандаа хийж дуусгах ёстой.

Дэлхийн нэр хүндтэй 15 банк санхүүгийн байгууллагаас зээл авч, том бүтээн байгуулалтыг хийж байна. Энэ тоглоом биш, улс төр хийх сэдэв ч биш. Хариуцлагатай хэлэхэд, Оюутолгой төсөл зогсохгүй, гэрээтэй холбоотой зүйлийг сайжруулах шаардлага бий. Засгийн газрын зүгээс ч зогсоох байр суурь баримтлахгүй байгаа.

Би хэзээ Оюутолгой гэрээг сайн сайхан болсон гэж хэлэхгүй. Засч сайжруулж, талууд хэлэлцээрийн ширээний ард суух ёстой. Харин асуудалд сэтгэлийн хөөрөл, хар зургаар харж болохгүй. Монголын орд Оюутолгойгоор дуусахгүй. Тавантолгой байна, хайгуул ажлыг идэвхжүүлж Оюутолгойгоос ч том орд илрэхийг үгүйсгэхгүй.

Бид хайгуулын ажил дээр 20 жилээр хоцорсон явна. Өнгөрсөн түүхээ зөв дүгнэж хайгуулын ажлыг идэвхжүүлж ажиллах шаардлага байна. Өнгөрсөн хугацаанд 17 мянган тусгай зөвшөөрөл олгосноос ганцхан том төсөл буюу Оюутолгой орд илэрсэн. Хайгуулын салбар ямар их эрсдэл гаргаж, ямар боломжийг бий болгож байгааг ойлгох хэрэгтэй. Геологичдодоо энэ ордыг нээсэнд талархах ёстой” гэсэн юм.