С.Чинзориг:Япон улстай хөдөлмөрийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх өргөн боломж байна
Япон улсад албан томилолтоор ажиллаж байгаа УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг хэд хэдэн албан уулзалт хийлээ.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв байгуулахыг дэмжинэ
Эхний уулзалтыг Эрүүл мэнд, хөдөлмөр, халамжийн дэд сайд хатагтай Эмико Такагатай хийсэн бөгөөд энэ үеэр Япон улстай байгуулсан “Ур чадвартай ажиллах хүчний тогтолцооны зохистой ажиллагааны үндсэн хүрээг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны санамж бичиг”-ийн хэрэгжилт болон хоёр улсын харилцаа хамтын ажиллагааг хариуцсан салбартаа өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар ярилцаж санал бодлоо солилцсон юм.
С.Чинзориг сайд Япон улстай хөдөлмөрийн салбарт хамтын ажиллагаа өргөжүүлэх өргөн боломж байгааг онцлоод хамтын ажиллагааны тодорхой саналуудыг тавьсан. Тухайлбал, Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, халамжийн яам Монголын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хооронд жил бүр төрийн албан хаагчдын нийгмийн хамгаалал, цалин хөлс, өндөр настан халамжлах, сувилах зэрэг тодорхой сэдвийн хүрээнд зөвлөлдөх уулзалт хийж, туршлага солилцох арга хэмжээг ээлж дараатай зохион байгуулж хэвшил болгох, Японд ажиллаж, амьдарч байгаа монгол иргэдийн ажиллах орчин, нийгмийн халамжийн чиглэлээр хэлэлцээр хийх хүсэлтэй байгааг судлан дэмжин ажиллахыг хүссэн. Тэрбээр мөн Дэлхийн ур чадварын тэмцээнд оролцох Монголын багийг дэмжин, Японд сургалтанд хамруулж бэлтгэл дадлага хийх тал дээр дэмжлэг үзүүлж хамтран ажиллах санал тавив.
Хатагтай Эмико Такага Дэлхийн ур чадварын тэмцээнийг 2023 онд Япон улсад зохион байгуулахыг Монгол Улс дэмжиж буйд талархал илэрхийлээд С.Чинзориг сайдын тавьсан хамтын ажиллагааны саналуудыг нэн даруй судалж бүхий л талаар дэмжиж ажиллах болно хэмээсэн. Тэрбээр “Ажиллах хүчний солилцоонд хүн хоорондын харилцаа чухал нөлөөтэй бөгөөд үүний тулд Японы хэл соёл, амьдралын хэв маяг, ёс заншил зэргийг сайтар судлах шаардлагатай болно. Тиймээс таны ярьсан Японд ажиллаж буй монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны чиглэлээр зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах, хөдөлмөрийн гэрээний биелэлтэд хяналт тавих, нийгмийн хамгааллын асуудлыг хариуцан, төрийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх үүрэг бүхий байна” гэлээ. Түүнчлэн өмнө нь жүдогийн сэргээн засах, сувилахуйн түвшинд хамтран ажиллаж байсан туршлага дээрээ түшиглэн цаашид энэ чиглэлд хамтран ажиллах боломхж бий гэдгийг ч хэлж байлаа.