Дэлхийн номын өдрөөр Үндэсний номын сангийн шинэ барилгын талбайд ажиллав
2019.04.23

Дэлхийн номын өдрөөр Үндэсний номын сангийн шинэ барилгын талбайд ажиллав

Өнөөдөр Дэлхийн номын өдөр. Дэлхийн 100 гаруй оронд 1995 оноос хойш тэмдэглэх болсон энэ өдрийг Монгол Улс хамгийн ажил хэрэгчээр тэмдэглэлээ. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өргөн бүрэлдэхүүний хамт Монголын үндэсний номын сан (МҮНС)-гийн үйл ажиллагаатай танилцав.

Эхлээд 1951 онд ашиглалтад орсон одоогийн 3 давхар байраар орж, Монгол Улсын ном хэвлэлийн төв байгууллагын үйлчилгээний нөхцөл, ном судруудын хадгалалт, хамгаалалтын чанар, стандарт, ажилтнуудын ачааллыг газар дээр нь харлаа.

Монголын үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо “Сүүлийн 30 жилийн түүхэнд ирсэн Ерөнхий сайд та боллоо” гэдгийг онцлоод Төвөд номын фонд, үнэт ховор номын танхим, архив, цахим болон нийтийн уншлагын танхимуудаа танилцуулав. МҮНС нийтдээ 3.5 сая гаруй номтой бөгөөд 1.5 сая нь хуучин, ховор, үнэт номууд байдаг байна. Байшин барилгын багтаамжаас болоод эдгээр номын хадгалалт, хамгаалалтад аюулын харанга дэлдсээр буйг сангийн захирал хэлж байна.

Дараа нь МҮНС-гийн өргөтгөлийн шинэ барилгын явцтай танилцлаа. Барилгын ажил 2013 онд эхэлсэн ч ажил нь удаашралтай явсаар өнөөдрийг хүрчээ. Барилгын гүйцэтгэгч “Акми холдинг” компанийн захирал Г.Сүхбат газрын маргаан, санхүүжилт зэрэг асуудлаас болж хугацаа алдаж өнөөг хүрсэн гэж тайлбарлалаа.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүн ардаа гэгээрүүлж, хүүхэд залуусаа хөгжүүлэхийн тулд томоохон номын сантай, Байгалийн түүхийн музейтэй, Үндэсний урлагийн их театртай болгож өгөх ёстой. Энэ бүхнийг Засгийн газар анхаарч ажиллана. Номын сангийн барилга дээр шаардлагатай байгаа төсвийн үлдэгдлийг гаргана, ингэхээр санхүүгийн хувьд гацаагүй болно. Ажлаа яаралтай дуусга, бүх боломж нөхцлөө дайчил гэдгийг “Акми холдинг” компанийн удирдлагад хэллээ.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг төсвийнхөө хуваариар ирэх жил орох ёстой, гэхдээ Ерөнхий сайдаас өгсөн чиглэл, нийгмийн зайлшгүй шаардлагын дагуу энэ ондоо багтааж ашиглалтад оруулахыг салбарын яамны зүгээс анхаарч ажиллана гэв. Ажил юунаас болж удаашрав, одоо яаж урагшлуулах уу гэдэг асуултад хариу эрсэн Ерөнхий сайдын бүрэлдэхүүнд БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, БХБ-ын дэд сайд Б.Мөнхбаатар, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан, Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан нар багтсан нь тулгарсан асуудлыг шат шатандаа анхаарч, төр засгаас шалтгаалах ажлуудад дэмжлэг үзүүлж, шуурхайлах зорилготой байв. Шинэ барилга ашиглалтад орсноор МҮНС-гийн номын фондын 2 сая гаруй нь шилжиж, орчин үеийн үйлчилгээний цогц төв болох юм.