2019.04.26

О.Баасанхүү: Капитал банкыг дампуурахад нөлөөлсөн зээлдэгчдийг зарлах хэрэгтэй

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2019.04.26/ хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд хэлэлцэх асуудлын жагсаалтыг баталсан бөгөөд зарим гишүүдийн зүгээс санал гарган хэлэлцэх асуудлын жагсаалтаас зарим төслүүдийг түр хойшлуулсан юм. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

"Өнөөдрийн хэлэлцэх асуудалд маш чухал зүйлс бий. "Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2019 оны төсвийн тухай" тогтоолын төслийг хэлэлцэхэд Капитал банкны асуудлыг ч ярих хэрэгтэй. Би тогтоолын  төслийн ажлын хэсэгт байгаа. Зарим мэдээллийг авах боломжгүй байна.

Бид ЭМДС, НДС-ийн мөнгө, Их дээд сургуулиуд олон тэрбум төгрөгөө алдчихаад байна. Энэ юунаас болов гэхээр нийт мөнгөний 80% нь зээл гаргаад алдчихсан гэж байгаа. Хэн зээл авч, банкийг дампууруулчихав аа?

20 сая хүртэл хадгаламжтай иргэн мөнгөө авчихлаа гээд бид хаяж болохгүй. Найдваргүй зээлдэгчдийг зарлаж, тэднээс мөнгөө нэхэх хэрэгтэй.

Энэ асуудалтай холбоотой Монголбанк зэрэг байгууллагуудыг дуудаж асуух хэрэгтэй."