Ц.Гарамжав:Хувийн хэвшлийнхэн улсынхаа эдийн засгийн 70 орчим хувийг бүрдүүлж байна
2019.04.29

Ц.Гарамжав:Хувийн хэвшлийнхэн улсынхаа эдийн засгийн 70 орчим хувийг бүрдүүлж байна

Тогтвортой хөгжлийг хангахад хувийн хэвшлийн оролцоо үндэсний форумд УИХ-ын гишүүн Ц.Гарамжав оролцлоо.

Тэрбээр

“Энэ уулзалт бол хувийн хэвшлийнхний хүсэн хүлээж байдаг уулзалт. Төр засаг, УИХ-ын даргын захирамжаар Л.Болд, Ж.Ганбаатар, Л.Энх-Амгалан миний биеэс бүрдсэн Ажлын хэсэг байгуулагдаж, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд оролцох, компанийн нийгмийн хариуцлагын тухай хуулиудыг боловсруулахаар Үндэсний хөгжлийн газартай хамтран ажиллаж байна.

Үндэсний үйлдвэрлэл, баялаг бүтээгчдийг дэмжих багц хуулийн төслийг боловсруулахаар УИХ дээр ажлын хэсэг ажиллаж байгаагаа дахин хэлье.

Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжээд 30 гаруй жилийн нүүр үзжээ. Өнгөрсөн хугацаанд бидний ололт амжилт, хувийн хэвшлийнхний оролцсон хувь нэмэр өндөр байсан гэдгийг онцолж хэлье.

Өнөөдөр хувийн хэвшил манай улсын эдийн засгийн 70 орчим хувийг бүрдүүлж байна. Манай улсад 175 мянган аж ахуй нэгж байгууллага бүртгэлтэй байгаагаас 87.7 мянган аж ахуй нэгж байгууллага үйл ажиллагаагаа тогтмол явуулж байна. 47 мянган аж ахуй нэгж нь үйл ажиллагаагаа эхлээгүй байна, 35 мянган нь түр зогссон байдалтай байна. Тиймээс бизнесийн орчныг сайжруулах хэрэгцээ шаардлага байгаа юм. Үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд нь 1-9 ажилтантай байна. Мөн 50-иас дээш хувьтай аж ахуй нэгж нь 2.5 хувь буюу 2500  байна.

Эндээс харахаар ялангуяа баялаг бүтээгчдийг дэмжиж, үйл ажиллагааны өргөн цар хүрээг нь томруулах шаардлагатай байна.

Энэ онд УИХ-ын ээлжит бус чуулганаар Татварын багц хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж татварын 90 орчим хувийг буцаан олгох, татварын зардлыг бууруулах тухай хуулиуд батлагдан гарсан байгаа. Бизнесийн орчныг сайжруулахад татварын хэмжээг нь өөрчлөх нь хангалттай биш гэдгийг манай бизнес эрхлэгчид хэлж байгаа байх.

Юуны өмнө аж ахуй эрхлэх орчныг нь цогцоор нь сайжруулах зүйтэй. Манай ажлын хэсэгт холбогдох яамны Бодлого төлөвлөлтийн газрууд, агентлаг, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаачид оролцсон байгаа.

Бид бизнесийн орчин, үйлдвэрлэл эрхлэхэд тулгарч байгаа бэрхшээлүүдийг судлан тодорхойлж, үйлдвэрлэл хөгжүүлэхэд дэмжих хуулийн төсөл боловсруулан УИХ-д өргөн мэдүүлэх зорилготой.

Хууль эрхзүйн орчноос гадна бодлого төлөвлөлтөд анхаарна. Манай улс хүн ам цөөн, тархай бутархай, өргөн уудам нутагтай, эрс тэрс уур амьсгалтай, далайд гарцгүй, дэд бүтэц сул учраас үндэсний үйдвэрлэлийг хөгжүүлэхэд төрийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй, шаардлагатай байна.

Юуны өмнө дэд бүтэц төлөвлөлтөд онцгой анхаарч үндэсний үйдвэрлэлийг дэмжсэн бодлого төлөвлөлт хэрэгтэй байна. Төв хувийн хэвшлийг болон худалдан авалтаа дэмжихээс гадна нийлүүлэлт, санхүүжилт, борлуулалтад гарах зардлыг бууруулах төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, мэдээллийн технологи, интернет худалдаа, бүртгэлийн тогтолцоог зөв болгож, улмаар авлига, төрийн хүнд суртлыг бууруулахад Засгийн газраас онцгой анхаарч ажиллах шаардлагатай байгаа юм.

Дэлхий нийтээрээ тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байгаа энэ үед монголчууд бид хойш суух эрхгүй. Тэдэнтэй мөр зэрэгцэн ажиллаж, хөгжих ёстой билээ.

Тогтвортой хөгжил зөвхөн төрийн асуудал биш юм. Аймаг, сум, хот бизнесийн байгууллагууд төрийн бус байгууллагууд, иргэн бүрийн хичээл зүтгэл нэн чухал байна.

Тогтвортой хөгжлийн 17 зорилт дотроос ядуурлыг эцэслэх зорилтуудыг онцолмоор байна.

Монгол Улсын хүн амын 29.6 хувь нь ядуу байна гэсэн судалгаа бий. Тиймээс ядууруулыг бууруулахад ажлын байр хэрэгтэй. Ажлын байрыг хувийн хэвшил дээр бий болгодог. Үүнээс гадна ажилтай хэрнээ ядуу иргэд олон байна. Энэ нь хөдөлмөр эрхэлж байгаа ч авч байгаа цалин нь амьдралд нь хүрэлцэхгүй байна гэсэн үг юм. Мэдээж энэ бүхний цаана хөдөлмөрийн бүтээмж, ур чадвар, мэдлэг мэргэшил яригдана.

Үндэсний хэмжээнд нэг нэгнээ хүлээн зөвшөөрөх, зөвшилцөх, итгэлийг бий болгох ёстой. Мөн өөр хоорондоо эвлэлдэн нэгдэж, хамтран ажиллах шаардлагатай байна. Эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдлыг даван туулахад бид бүхний хамтын ажиллагаа шаардлагатай байна.

Нэг салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүд байгууллагууд хамтарч хэрэглэгчдэд хүргэх бараа бүтээгдэхүүнээ аль болох байгальд ээлтэй, сөрөг нөлөөгүй, сэтгэлд нийцсэн хямд үнэ, хэрэглээг хангах, хүртээмжтэй байлгах, хоорондоо нэгдэн нийлж, зах зээлээ хамгаалах, салбарынхаа шинжлэх ухааныг хөгжүүлэх, салбарынхаа тоо мэдээллийг зөв гаргаж төрийн байгууллагуудтайгаа нягт холбоотой ажиллах нь зөв зүйтэй байна. Салбарынхантайгаа хамтарч ажиллахаас гадна нийт, нийгэмд үзүүлэх нөлөөллийг зөв тооцоолж, зөв бизнес эрхлэх нь амжилт олох үндэс болно. Эрхэм бизнес эрхлэгчдээ тогтвортой хөгжилд хүрэхэд та бидний харицлан итгэлцэл их чухал шүү. Та бүхний санал санаачлага маш их хэрэгтэй” гэлээ.  

Сэтгүүлч О.Гэрэл