Ж.Бат-Эрдэнэ: Шүүхийн өмнө бүгд тэгш эрхтэй байна гэдэг зарчмаа алдаж байна
2019.05.01

Ж.Бат-Эрдэнэ: Шүүхийн өмнө бүгд тэгш эрхтэй байна гэдэг зарчмаа алдаж байна

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

 

-Засгийн газраас Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг хөдөлгөх тогтоол гаргасан. Ажил нь энэ сараас эхэлж байгаа. Харин Зүүнбаянгийн чиглэлээс өмнө Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг тавих нь илүү үр өгөөжтэй гэж харах хүмүүс бий. Та салбарыг нь удирдаж байсан хүний хувьд энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?

-Бид төмөр замыг яах гэж тавьдаг билээ. Зүгээр төмөр замтай болохын тулд тавьдаггүй. Харин ачаа тээвэр ихтэй чиглэлд зориулж төмөр замаа тавих ёстой. Улсын эдийн засаг уул уурхайн салбар дээр тогтож байна. Үүний дотор Тавантолгойн нүүрсний экспорт эдийн засагт нэлээд их дэмжлэг үзүүлж байгаа. Тиймээс Тавантолгойд тулгуурлаж, нүүрсээ экспортлоход анхаарах хэрэгтэй.

Мэдээж нүүрсний экспортод анхаарахын тулд төмөр зам тавих, дэд бүтцийг сайжруулах хэрэгтэй болно. Тиймээс л нэн тэргүүнд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг тавих нь зүйтэй гэж үзээд байгаа юм.

-Таныг сайд байх үед төмөр зам тавих ажил нэлээд эрчимжсэн. Тухайн үед ямар схемээр төмөр зам тавих төлөвлөгөөтэй байсан бэ?

-Сайд байхдаа гурван төмөр замын асуудлыг шийдвэрлэсэн. Тухайлбал, Шивээхүрэн-Нарийнсухайт, Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын асуудлыг шийдвэрлэсэн юм. Зүүнбаянгийн төмөр замын ажил олон жил зогссон. Тиймээс сайд болохдоо энэ төмөр замыг хөдөлгөнө гэж ажилдаа орсон. Хуулиараа ч төмөр замын 51-ээс доошгүй хувийг “Монголын төмөр зам” компани эзэмшиж байгаа.

Харин урагшаа гарах төмөр замын 49 хувьд гадаадынхан оролцоно гэвэл “Эрдэнэс-Тавантолгой” компанийг төмөр замд хувь эзэмшүүлдэг болъё гэсэн. Өөрөөр хэлбэл, “Монголын төмөр зам”-ын эзэмшлийн 51 хувийн 20 хүртэлх хувийг “Эрдэнэс-Тавантолгой” компани эзэмшиж болно. Ингэвэл нэгдүгээрт, нүүрсний экспорт сайжирна.

Хоёрдугаарт, “Эрдэнэс-Тавантолгой" компани төмөр замд хувь эзэмшинэ гэдэг нь цаашлаад IPO босгох, олон улсад гарах нөхцөл нь хөнгөлөлттэй болно гэсэн үг. Харин 49 хүртэлх хувийг нүүрс тээвэрлэж, худалдаж авч байгаа гадаадын компани эзэмших схем гаргаж байв.

-“Эрдэнэс-Тавантолгой” компани хувь эзэмшвэл төмөр замын талдаа ашигтай байх уу?

-“Эрдэнэс-Тавантолгой" компани жилдээ 700 сая ам.долларын орлоготой байдаг. Үүний 50 гаруй хувь нь ашиг гэж тооцоход 350 сая ам.долларын цэвэр ашиг гарна. Тэгэхээр нэг жилдээ 100-200 сая ам.долларыг төмөр замд оруулаад байхад тодорхой хэмжээний дэмжлэг болж, төмөр зам хөдлөх боломжтой болно гэж үзэж байсан. Зүүн чиглэлийн хувьд өрсөлдөх чадвар бүхий нүүрсний экспортыг авч үзэх ёстой.

Оросууд бидэнд 25 жилийн хөнгөлөлт үзүүлсэн. Тиймээс боомтуудаар дамжиж далайд гарах гарц нь нэмэгдэнэ. Өрсөлдөх чадвар бүхий чиглэлийн төмөр замыг тавих нь буруу биш. Энэ бол явах ёстой. Гэхдээ эхний ээлжид урд чиглэлийн төмөр замаа тавих уу эсвэл хөрөнгө босгож зүүн чиглэлээ тавих уу гэдэг асуудал байна. Миний хувьд нэн тэргүүнд нүүрсний экспортоо нэмэгдүүлэхийн тулд эхлээд урагш нь төмөр замаа тавья гэсэн саналтай байгаа.

Энэ жил нүүрсний экспортод 42 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн. Төмөр замаар 20-25 сая тонн нүүрс гаргах боломжтой. Тиймээс нэн тэргүүнд урд чиглэлийн төмөр замаа тавих нь арай илүү болов уу гэсэн бодолтой байна.

-МАН Хэнтийн нөхөн сонгуульд оролцохоор боллоо. Та намаасаа хэнийг нэр дэвшээсэй гэж бодож байна вэ?

-Мэдээж ялах л хүн нэр дэвших ёстой. Тиймээс тухайн тойрогтоо нэр хүндтэй, үнэлэгдэх хүн нэр дэвших байх. Нэр дэвшигчийг бид намын бүтцийн хурлаар тодруулна. Бид энэ удаагийн нөхөн сонгуульд заавал оролцох ёстой.

-МАН-ын дарга У.Хүрэлсүхийг нөхөн сонгуульд нэр дэвшинэ гэсэн сураг гарсан. Үнэн үү?

-Одоохондоо хэлэхэд эрт байна. Гэхдээ байж болох л хувилбар.

-МАН-ын бүлгийн хурлаар АТГ-ын удирдлагуудыг чөлөөлж, томилох Ерөнхийлөгчийн саналыг дэмжлээ. Нэг жилийн өмнө Ерөнхийлөгчийн энэ саналыг хууль зөрчсөн гэж үзэж байсан шүү дээ. Гэтэл одоо хууль зөрчөөгүй гэж дэмжиж байгаа нь хэр зохистой вэ?

-Өмнө нь энэ асуудлыг Хууль зүй- байнгын хорооны хурлаар хэлэлцээд хууль зөрчсөн гэж үзсэн. Сүүлд Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж гарсны дагуу хууль шүүхийн байгууллагын удирдлагуудыг томилох, чөлөөлөх боломжтой болох хууль гаргасан. Энэ хүрээнд асуудлыг оруулж ирэв үү гэж бодож байтал үгүй байна лээ. Хурлын үеэр би өөрийнхөө саналыг хэлсэн.

Хуулиараа АТГ-ын даргыг Ерөнхийлөгч санал болгосноор УИХ зургаан жилийн бүрэн эрхийн хугацаатай томилдог. Бүрэн эрхийн хугацаа нь Авлигын эсрэг хуулийн 21.1-т зааснаар зургаан жил гэж бий. Мөн уг хуулийн 21.5-д хэрвээ орон гарсан тохиолдолд нөхөн томилбол томилогдсоноос хойш 21.1-т заасан бүрэн эрхийн хугацаагаар томилно гэсэн байгаа. Тэгэхээр нөхөн томилсноос хамаарахгүйгээр бүрэн эрх нь зургаан жилээр дуусна гэсэн үг.

Харин одоо өмнөх хүний үлдсэн хугацаагаар бүрэн эрхийн хугацаа нь дуусна гэж тайлбарлаад байгаа. Миний хувьд үүнийг хууль зөрчсөн асуудал гэж үзэж байна.

-УИХ-аас чиглэл өгсний дагуу гаргасан Засгийн газрын шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх хэлэлцэхгүй байх хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байна. Энэ хуулийн төслийг та дэмжиж байгаа юу. Хуулийн үйлчлэл хэт өргөн хүрээтэй байна гэсэн шүүмжлэл гарч байсан?

-УИХ-аас гаргасан шийдвэрийг Засгийн газар хэрэгжүүлэх ёстой. Ингэхдээ хуулийн дагуу хэрэгжүүлэх үүрэгтэй. УИХ хууль зөрч гэсэн шийдвэр гаргаж болохгүй. Аливаа бүх зүйл хуулийн дагуу байх ёстой. Хэрвээ Засгийн газар ч, УИХ ч бай хууль зөрчсөн бол хариуцлагаа хүлээдэг байх хэрэгтэй. Тиймээс миний хувьд Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тодорхой асуудлыг тусгаж, хүрээг нь хумих шаардлагатай гэж үзэж байгаа. Ингэхгүй бол шүүхийн өмнө бүгд тэгш эрхтэй байна гэсэн зарчмаа алдаж байна.

Б.Цэнд-Аюуш