С.Бямбацогт: Улс төрийн шоуг биш, хуулийг сурталчлах хэрэгтэй
УИХ-ын гишүүн С.Бямбацогттой ярилцлаа.
-Хүүхдийн эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх тал дээр алдаа дутагдалтай байх шиг байна. Хуулийг хэрхэн хэрэгжүүлэх вэ. Энэ тал дээр таны байр суурь ямар байгаа вэ?
-Улс төрийн бодлогыг хэрэгжүүлж зохион байгуулах тал дээр алдаа дутагдал доод шатанд гараад байгаа юм болов уу. Дээрээс нь эцэг эхчүүдийн анхаарал халамж суларсан тал байдаг юм болов уу гээд олон талаас нь харах хэрэгтэй байх. Мөн хуулийг хэрэгжүүлэх зохион байгуулах талаас нь анхаарахаас гадна, дахиад иргэдийнхээ эрх зүйн боловсролыг дээшлүүлэх хэрэгтэй.
Иргэд эрхээ мэддэг, үүргээ биелүүлдэг байх ёстой. Эрхээ мэддэг нэг нь эргээд бусдын эрхийг зөрчихгүй байх. Түүнчлэн эрх, үүргээ мэддэг хүн хууль зөрчвөл ямар хариуцлага хүлээдэг вэ гэдгийг мэдэх учраас хууль зөрчихгүй байх, өөрийнхөө эрхийг хамгаалж, өөрөө хохирохгүй байх давуу талтай. Нөгөө талаас үүргээ хэтрүүлж, хуулиа мэдэхгүйгээс болж өөрөө асуудалд холбогдохгүй байх гэдэг асуудал байна. Өөрөөр хэлбэл эрх зүйн боловсролыг дээшлүүлэх тал дээр анхаарах ёстой байх.
-Гэмт хэрэг хийж байгаа хүмүүст хуулийн хариуцлагыг нь чангатгах гэдэг асуудлыг зарим хүмүүс хөндөж тавьж байна. Та энэ асуудал дээр ямар байр суурьтай байгаа вэ?
-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар маш хатуу хариуцлагатай болчихсон. Хүүхдэдээ анхаарал тавиагүй, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгааг хөндлөнгөөс харж, анзаарсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх орчин нөхцөлийг бий болгосон, мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхгүй байх орчин нөхцөлийг бий болгоход анхаараагүй гэх мэтээр маш олон тодорхой зохицуулалтуудыг Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулинд оруулчихсан.
Эхнэр, нөхөр хоёр зодолдох юм бол эр эмийн хооронд илжиг бүү жороол гээд хүмүүс нүдээ аниад чихээ таглаад явчихдаг байсан. Ард нь нөхөр нь эхнэрээ дээрэлхээд үлддэг ийм байдал байдаг байсан бол одоо харсан хүн нүдээ аниад, чихээ таглаад явах юм бол Эрүүгийн хуулийн хариуцлага хүлээдэг байх заалттай болчихсон.
-Тэгвэл наад жишээн дээр чинь нэг асуулт байна. Дөрөв болон зургаан настай хоёр хүүхдийг зодож байхад хөршүүд нь мэдсэн боловч мэдээлээгүй. Тэгвэл энэ хууль хэрэгжихгүй байгаа юм биш үү. Хэрэгжүүлэхийн тулд ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ. Хэрэгжүүлэгч агентлагууд төсөв мөнгөний асуудалтай байгаа юм уу?
-Төсөв мөнгөнөөс болж хэрэгжүүлж чадахгүй байна гэж ойлгох өрөөсгөл. Тийм үү. Үнэхээр хэрэгжүүлье гэж бодоод үйл ажиллагаагаа явуулах юм бол Монгол Улсын Их хурлын баталсан хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг нь Засгийн газарт байдаг. Засгийн газар энэхүү ажлыг зохион байгуулаад холбогдох яам, агентлагууд үүнийг хийх ёстой л доо. Гэтэл энэ тал дээр бага зэргийн асуудлууд гарч байна. Тухайлбал, ажлын уялдаа холбоо муутай, эсвэл хариуцсан ажилтан нь жаахан сэтгэлгүй ажиллаж байгаа гэх мэт асуудалтай талууд байж магадгүй. Гэхдээ нөгөө талдаа яриад байгаа зүйл нь, бүх зүйлийг төр засгаас анхаарах биш, иргэн хүн болгон өөрсдөө эрх зүйн мэдлэгтэй, боловсролтой, өөрийнхөө эрхийг хамгаалж чаддаг, бусдын эрхийг хөндөхгүй, зөрчихгүй байх ийм мэдлэгтэй байх тал дээр анхаарах ёстой.
-Эрх зүйн боловсролыг иргэд иргэнийхээ үүргийг биелүүлээд олж авах нь зөв байх. Гэхдээ нэгэнт хууль баталж байгаа юм чинь сурталчлах ажил чухал шүү дээ. Энэ асуудалд хэр анхаарч байна вэ. Хүүхдэд төсөвлөсөн мөнгө нь жинхэнэ эзэндээ, зорилтот бүлэгтээ очдоггүй ширээ сандал болдог, нэг даргын хувийн хэрэгцээнд явчихдаг гэх мэт асуудлууд сүүлийн үед гарч ирж байна?
-Улсын их хурал бол хууль тогтоох, төрийн бодлого тодорхойлох, хууль батлах ийм үндсэн эрхтэй. Түүнээс гадна хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, хуулийн хэрэгжилтийг хэрхэн зохион байгуулж байгаа талаар Засгийн газарт хяналт тавих ийм эрхтэй байгууллага. Тийм учраас бид нэгдүгээрт, хууль тогтоох ажлаа хийж байна.
Ямар хуулийг ямар зорилгоор үзэл баримтлалтай батлав гэдгийг их хурлын зүгээс олон нийтэд зөв хүргэж чаддаггүй.
Улсын их хурлын гишүүдийн тухай хэвлэл мэдээллээр гарч байгаа зүйл нь нөгөө л попорсон, хоорондоо хэрэлдсэн асуудал байдаг. Чи хулгайч, луйварчин. Чи ингэж хууль зөрчсөн гэдэг юмнууд нь л нийгэмд яваад байдаг гэх үү дээ. Гэтэл энэ хуулийн цаана ийм ач холбогдолтой. Энэ хууль батлагдсанаар ард иргэдийн амьдралд ийм хэрэгтэй юм гэдэг чухал зүйлийн талаар сурталчилгаа муу хийж байна. Тиймээс бидний баталж байгаа хууль маань олон нийтэд хүрэхгүй байна. Хоёрдугаарт, баталсан хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах тал дээр парламент өөрөө хяналтаа тавихгүй болохоор хуулийг хэрэгжүүлж, зохион байгуулах ажлыг хариуцаж байгаа агентлаг, төрийн албан тушаалтан сайн зохион байгуулахгүй байгаа асуудал ажиглагддаг. Үүнээсээ болоод асуудлууд үүсээд байна шүү дээ. Бусдаар Хүүхдийн эрхийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Гэр бүл, хүүхэд залуучуудын агентлаг гээд хангалттай төрөөс хийх зүйлүүдээ хийчихсэн байгаа байхгүй юу. Гэтэл яагаад гараад байна вэ гэдэг асуудал тэнд л байгаа байх. Тиймээс хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Улсын их хурлаас гаргаж байгаа хуулиудыг агуулга, үзэл баримтлал, бодлого, ач холбогдол талаас нь нийгэмд хүргэх талаас нь анхаардаг байгаасай гэж хүсч байна. Түүнчлэн их хурлын гишүүд нь ч гэсэн ярьж хэлж байгаа зүйлдээ анхаарч, үнэхээр энэ хууль ийм зорилго, ач холбогдолтой, ийм үр дүн гарах юм гэдгийг олон нийтэд хүргэж, асуудалгүй ажилладаг байгаасай. Хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах тал дээр бид нар анхаарч, үнэхээр баталсан хууль маань амьдрал дээр тавьсан зорилгодоо хүрч чадаж байна уу, ач холбогдол үр дүнгээ өгч чадаж байна уу, үгүй юу гэдэг дээр их хурал илүү хяналт тавьж ажилладаг байгаасай гэж хүсч байна. Ингэх юм бол их хурлын ч нэр хүнд, их хурлын баталж байгаа хуулийнх нь ч нэр хүнд сэргэнэ. Эргээд ард түмний эрх зүйн боловсрол нэмэгдэнэ. Тухайлбал, энэ хууль батлагдсанаар миний амьдралд ийм ач холбогдолтой юм байна. Энэ хууль батлагдсанаар миний зөрчигдсөн эрх сэргээгдэх юм байна. Миний эрх хөндөгдөхгүй, хуулиар хамгаалагдах юм байна гэдгээ иргэд мэддэг болно л доо. Энэ тал дээр бид илүү ажиллах ёстой. Өшөө илүү хуулийг сурталчлах тал руу явах ёстой. Тэр улс төрийн шоуг сурталчлах биш, хуулийг сурталчлах хэрэгтэй.
-Захиргааны хэргийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар яригдаж байна. Энэ тухай?
-Ерөнхийдөө тодорхой хүрээнд хязгаарыг нь хумьж байгаа. Өөрөөр хэлбэл Улсын их хурлын гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, гадаад бодлоготой холбоотой асуудлаар хумьж өгч байгаа. Өргөн хүрээтэй биш учраас үүнийг би боломжтой гэж үзэж байна