2019.05.10

Ц.Цогзолмаа: Эцэг, эх, нийгмийг соён гэгээрүүлэх ажил нэн шаардлагатай байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.10/ үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайханаас Хууль зүй, дотоод хэргийн сайдад хандан “Хүүхэд, эмэгтэйчүүдийг хулгайлах, худалдаалах гэмт хэргийг таслан зогсоох, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлын талаар” тавьсан асуулгын хариуг сонслоо.

Асуулгын хариуг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж чуулганы нэгдсэн хуралдаанд танилцууллаа. ХЗДХ-ийн сайдын мэдээлэлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа:

"Хүүхэд бол насанд хүрээгүй хүн гэдгийг ойлгох хэрэгтэй. 16 нас хүрээгүй хүүхдээ эцэг эх хаана юу хийж байгааг өдөр тутам байнга хараа хяналт тавих үүрэгтэй. Үүнийгээ ухамсарлаж, биелүүлэх ёстой. Ингэж чадаагүйгээс бол гэмт хэрггийн хохирогч болох нэг шалтгаан байна. Нөгөө талаар болит эдийн засгийн шалтгаан. Айлын орлоггүй байдал. Аав нь архи уудаг зэргээс болж хүүхэд гэмт хэргийн хохирогч болж байна.

Засгийн газрын зүгээс бүтэц байгуулан, тодорхой чиглэлд хамтран ажилласнаар гэмт хэргээс тодорхой түвшинд сэргийлж чадаж байна гэж ойлгож байгаа.

Мөн өнгөрсөн хугацаанд нийгмийн шилжилтийн үед хүүхдийн хүмүүжил, эцэг эхийн хараа хяналт халамж зэргийг орхигдуулсанаас бол өнөөгийн нөхцөлд хүрсэн. Тиймээс одоо бид эцэг эхийн хандлага, нийгмийн хандлага зэргийг энэ цаг үеэс нь урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлдээ анхаарах шаардлага үүсээд байна."