Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг мэндчилгээ дэвшүүллээ
2019.05.31

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг мэндчилгээ дэвшүүллээ

Mонгол орныхоо гэрэлт ирээдүй болсон Эрхэм хүндэт хүүхэд багачууд, энэрэлт аав ээжүүд Та бүхэндээ Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Хүүхдийн баярын халуун мэндийг дэвшүүлье.Анх 1925 онд Швейцарь улсын Женев хотноо чуулсан “Хүүхдийн сайн сайхны төлөө Дэлхийн улс орнуудын чуулга уулзалт”- аас жил бүрийн зургадугаар сарын 1-нийг “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгохоор зарласан түүхэн үйл явдлаас хойш дэлхий нийтээр 94 дэх жилдээ тэмдэглэж байгаа энэ өдрийг манай улс 1952 оноос “Хүүхдийн баяр” хэмээн ёсчилж, үр хүүхдийнхээ төлөө  цаг зав, сэтгэл оюун, халуун дулаан хайраа зориулах баярт мөчүүдийн нэг болгон эх үрсээрээ, гэр бүлээрээ хамтдаа өнгөрүүлэх боломжийг бүрдүүлэхэд төр засгаас онцгойлон үзэж, амралтын өдөр болгон тэмдэглэж ирсэн.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газраас хүүхдийг аливаа хүчирхийллээс хамгаалах урьдчилан сэргийлэхэд эцэг эхийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, салбар дундын зохицуулалт, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор “2019-2020 оныг Хүүхдийн хөгжил хамгааллын жил” болгон зарлаж,  улс даяар Хүүхдийн баярыг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил”-ийн нээлттэй хамтатган  тэмдэглэж байна.  

“Хүүхдийн хөгжил, хамгааллын жил”-ийн хүрээнд төр засгаас хүүхэд багачууд та нарынхаа айх аюулгүй, эрүүл орчинд өсч хүмүүжих,  сурч хөгжих, нийгмийн амьдралд оролцох эрхийг хангах, хүүхдийн эсрэг аливаа хүчирхийллийг бууруулах, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэхэд чиглэсэн олон ажлыг хийнэ.

Хүүхдүүд та бүхнийгээ түүх соёлоо дээдэлсэн, эх оронч үзэлтэй, эрхээ хамгаалж, үүргээ биелүүлж чаддаг, аав ээж, ахан дүүсээ хүндэлдэг, байгаль эх дэлхийгээ хайрладаг, буруу муу зуршлаас хол, гэгээн мөрөөдөл, хүсэл зорилгынхоо төлөө хичээн суралцаж, улс орондоо хариуцлагатай иргэн болж, эх орныхоо хөгжлийн түлхүүр, түүчээ болно гэдэгт итгэж байна.  

Хүүхдийн хөгжлийн анхдагч орчин нь гэр бүл учраас хүүхдээ зөв хүмүүжүүлэх, хөгжүүлэх, төлөвшүүлэхэд гэр бүлийн халуун, дулаан уур амьсгал, аав, ээжийн хайр энэрэл, сургааль, үүрэг хариуцлага, хамгаас чухал гэдгийг эрхэмлэн, үнэт цагаа бяцхан үрс, гэр бүлдээ зарцуулахыг нийт эцэг эхчүүддээ уриалж байна.

Монгол Улс сүүлийн жилүүдэд хүүхэд, гэр бүлийн чиглэлээр хууль эрх зүйн орчныг шинэчлэх, энэ чиглэлээр хэрэгжүүлэх бодлогоо тодорхойлох, хүүхдийн хөгжил, хамгааллын үйлчилгээнд шаардагдах хөрөнгийг шийдвэрлэхэд ихээхэн ахиц дэвшил гаргасан.

Цаашид гэр бүл,  хүүхэд бүрт хүрч үйлчлэх  хөгжил, хамгааллын үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлж, иргэн бүр өөрөөсөө гадна гэр бүлийн бусад гишүүдийн өмнө хариуцлагатай байх, хүлээсэн үүргээ биелүүлдэг байх,  айл бүр ажилтай орлоготой, аз жаргалтай байх нөхцөлийг бүрдүүлэх, гэр бүлийн хөгжлийг дэмжих, хүүхэд гэр бүлтэйгээ чөлөөт цагаа өнгөрүүлэх орчин нөхцөлийг сайжруулах, хүүхдийн зуслангийн хөгжлийн хөтөлбөрийг санхүүжүүлэх, хөгжлийн үйлчилгээний нэр төрлийг тодорхойлж, үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарал хандуулан ажиллах болно.  

Монгол орны өнцөг булан бүрт суугаа мянга мянган хүүхэд багачууддаа үргэлж инээд хөөр, баяр баясгалан, аз жаргалаар дүүрэн байхын ерөөл өргөе.

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нйигмийн хамгааллын сайд Содномын ЧИНЗОРИГ