“Транзит Монгол-2019” олон улсын чуулга уулзалт байгуулагдлаа
2019.06.06

“Транзит Монгол-2019” олон улсын чуулга уулзалт байгуулагдлаа

Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг байгуулагдсаны 70 жилийн ойн баяр энэ өдрүүдэд тохиож байгаа билээ.

Ойн хүрээнд “Транзит Монгол-2019” олон улсын чуулга уулзалтыг Монгол Улсад анх удаа зохион байгуулсан бөгөөд анхдугаар чуулга уулзалт 2017 онд БНХАУ-ын нийслэл Бээжин хотод, удаах чуулга уулзалт 2018 онд ОХУ-ын нийслэл Москва хотноо зохиогдож байв.

Чуулга уулзалтын нээлтэд Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан оролцож, “Транзит Монгол” олон улсын чуулга уулзалтыг жил дараалан зохион байгуулсны үр дүнд манай улсын нутгаар дамжин өнгөрөх Ази-Европын хоорондох чингэлэг тээвэр үлэмж хэмжээгээр нэмэгдэж байгааг онцлоод, УБТЗ ХНН-ийн 70 жилийн ойн баяр тохиож буйд салбарын нийт ажилтан, албан хаагчид, үе үеийн ахмадуудад баяр хүргэж, чуулга уулзалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

“Транзит Монгол-2019” чуулган УБТЗ ХНН-ийн 70 жилийн замналыг харуулсан түүхэн гэрэл зургийн үзэсгэлэнгээр эхэлж Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар, УБТЗ ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа, МТЗ ТӨХК-ийн захирал Б.Цэнгэл болон хоёр хөршийн төмөр замын салбарын удирдах албан тушаалтнууд илтгэл тавьснаар үргэлжлэв.   

“Улаанбаатар төмөр зам”-аар тээвэрлэж буй транзит ачааны хэмжээ жилд дунджаар БНХАУ-ОХУ чиглэлд 22.1 хувиар, ОХУ-БНХАУ чиглэлд 13.2 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна. Монгол Улсын нутгаар дамжин өнгөрөх чингэлэг тээврийн хэмжээ 2016 онд 167 галт тэрэг, 2017 онд 556 галт тэрэг, 2018 онд 855 галт тэрэг болж нэмэгдсэн бол 2019 оны эхний дөрвөн сарын байдлаар 397 галт тэрэг болж, Европоос Ази чиглэлд 210 галт тэрэг, харин Азиас Европ чиглэлд 187 галт тэрэг аялаад байна.