Л.Болд: Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг сулла гэж 45 мянган хүн гарын үсэг зурсан
2019.06.25

Л.Болд: Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг сулла гэж 45 мянган хүн гарын үсэг зурсан

Шударга шүүхтэй болох, шүүх байгууллагын шинэчлэлтийг Дээд шүүхээс эхлэх ёстой гэдгийг Иргэний нийгмийн байгууллагууд илэрхийлж өчигдөр мэдээлэл хийсэн. ТББ-ууд нэгдэн шүүхийн шинэчлэлийн талаар болон Улсын дээд шүүхийн шүүгч нарыг огцруулахыг шаардан өнөөдрөөс эхлэн жагсаал цуглаан хийж эхэллээ. Тэд баасан гариг буюу энэ сарын 28 хүртэл жагсаал хийх бөгөөд энэ хугацаанд Улсын Дээд шүүхийн шүүгч нарыг огцрохгүй бол дараагийн шийдвэртэй арга хэмжээг авна хэмээсэн юм.

Жагсаалын үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл болон ТББ, ИНБ-уудын төлөөллийн хамт Дээд шүүхийн гадна ирсэн юм. Тэд 46 мянган иргэний гарын үсэг бүхий Б.Содномдаржаа, Т.Чимэгээ нарыг суллуулах шаардлагыг гардуулж өгөхөөр Дээд шүүх дээр хүрч ирсэн байв.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэлэхдээ “С.Зориг агсаны амь насыг хохироосон хэргээр дөрвөн жил хоригдож байгаа, хилсээр ял эдэлж байгаа эрүүдэн шүүлтэд орсон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллуулах гарын үсгээ өнөөдөр өгөхөөр ирээд байна. Нийт 45 мянган гарын Монгол орны өнцөг булан бүрээс цугласан байна. Монгол улсын шүүх гурван шатны шүүхээрээ хэлэлцээд энэ залуучуудыг хэлмэгдүүлсэн. 16 настай Амгаланбаатар Эрдэнэтээс хоёр залуу дагуулж ирээд С.Зориг агсны амь насыг хөнөөсөн гэдэг хуурамч, хилс хэргийг мөрдөн байцаалтад буцаах ёстой гэж харж байгаа. Зөрчигдсөн эрхийг нь сэргээх ёстой гэж бодож байгаа. Мянга мянган иргэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын замаар орж эрүү шүүлт тулгуулж, хэмэгдэж болохгүй гэж бид үзэж байгаа учраас өнөөдөр энд хүрэлцэн ирсэн юм.

Бид Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Х.Батсүрэнтэй уулзлаа. 45 мянган иргэний гарын үсгээ гардуулж өглөө. УИХ-ын гишүүн бол ард түмний санаа бодлыг төлөөлөх үүрэгтэй субьект. Одоогоор Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх долоо найман хүний хэрэг шалгагдаад хэрэг нь шүүхэд шилжиж ирсэн байгаа юм байна. Энэ хүмүүсийг гурван шатны шүүхээр шүүсний дараа Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллах, эс суллах асуудлыг шийдвэрлэнэ гэж хэлж байна. Мэдээж шүүхийн хараат бус, бие даасан байдал гэж байгаа. Монголын шүүх ард түмнээсээ хамааралтай байх ёстой. Шударга ёсны талд шийдвэр гаргадаг шүүхийг Монголын ард түмэн хүсч байна. Бүлэглэлийн талд, авлигачдын талд, МАНАН-гийн талд шийдвэр гарсаар удсан. Бид өнөөдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүнтэй уулзана. Энэ гурван хүн зөвлөмж гаргах эрхийг нь олгосон. Тиймээс шүүхийн шинэтгэлийн талаар зөвлөмж гаргах байх гэж итгэж байна” гэв.

УИХ-ын гишүүн Л.Болд “ Бид энэхүү жагсаал цуглааны дэмжиж ирж байна. Тэмцлийн хугацаанд нэр бүхий, Монголын ард түмнийг дээрэмдсэн, хохироосон олон шийдвэр гаргасан, худалдагсан шүүгч нарыг үтэр түргэн зайлуулахыг шаардаж байна. Шүүхийн гаргасан хамгийн том алдаатай шийдвэр бол Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын залуусыг хилсээр дөрвөн жил гаруй тамлан зовоож, шоронд хорьж байгаа. Энэ хоёр залууг яаралтай суллах шаардлагыг бид тавьсаар байгаа. Бидний шаардлагыг өнөөдөр хүртэл үл тоож ирсэн. Шүүх буруутай шийдвэрээ засах бүрэн боломжтой” гэлээ.