О.Номинчимэг: Асуудалд илүү мэргэжлийн байр сууринаас хандаж ажиллана!
УИХ-ын даргын захирамжаар байгуулсан 54 ажлын хэсгийн хоёрыг УИХ-ын гишүүн О.Номинчимэг ахлан ажиллаж байна.
Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд 12 сард олон нийтийн хэлэлцүүлэг хийнэ
Тодруулбал, Нэгдүгээрт, хүүхэд залуучууд болон нийтийн эрүүл мэндэд сөрөг үр дагавар авчирч байгаа, хуулийн хэрэгжилт нь хангалттай биш байгаа “Тамхины хяналтын тухай хуулийн” хэрэгжилттэй танилцаж мөн электрон тамхины зохицуулалтыг бий болгох, хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг ахлан ажиллаж байна. Уг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Г.Дамдинням, Х.Жангабыл, Б.Мөнхсоёл, М.Сарнай, Д.Ганмаа нар багтаж буй.
УИХ-ын гишүүн О.Номинчимэг дээрх асуудалд Нийслэлийн засаг даргын орлогч байх үеэсээ л ажиллаж байсан төдийгүй захирамж судалгаануудыг ч гаргаж байсан.
Татварын орчин, зохицуулалт байхгүйн дээр лобби бүлгүүдийн хооронд олон жил гацсан нь нууц биш. Нэг ёсондоо оруулж ирж худалдаалдаг хэсэгт л ашигтай байсаар өнөөдрийг хүрсэн.
Тиймээс УИХ дээр хуулийн бодлогын асуудлыг гаргаж тавихад анхаарч “энэ ажлын ард гарна” хэмээн О.Номинчимэг гишүүн хэлсэн юм.
Түүнчлэн Женев хотод Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Тамхины хяналтын багтай уулзаж, тамхин бүтээгдэхүүний татварын бодлого, уламжлалт бус тамхин бүтээгдэхүүний зохицуулалтын талаар хамтран ажиллахаар санал солилцсон юм.
Хоёрдугаарт, Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр шүүхээс ял ногдуулсан ч эрүүдэн шүүгдсэн гэх асуудлаар батлан даалтад гараад байгаа нэр бүхий иргэний эрхийг сэргээж, хохирол барагдуулах Ажлын хэсгийг УИХ-ын даргын захирамжаар байгуулж, ахлагчаар нь УИХ-ын гишүүн О.Номинчимэг, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, Б.Батбаатар, П.Сайнзориг, ХЭҮК-ын гишүүн Д.Энхболд нар ажиллаж байна.
УИХ-ын гишүүн О.Номинчимэг хэлэхдээ,
УИХ-ын гишүүдийн хянан шалгах бүрэн эрхийн хүрээнд Ажлын хэсгээс үйл ажиллагаатай нь танилцаж, сайжруулах механизмыг эрэлхийлнэ
“Олон улсын парламентын холбооны Хүний эрхийн хороо гэж бий. Олон улсад хүний эрх зөрчигдсөн асуудлаар ажилладаг, тэнд нь хүний эрхийн тусгай мэргэжилтнүүд ажилладаг. Анх 2014 онд Монгол Улс С.Зориг агсны хэрэгтэй холбогдуулж энэ хороонд хүсэлт гаргасан аж. Түүнээс хойш Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага Олон улсын парламентын холбоо хооронд энэ асуудлаар хамтарч ажиллаж ирсэн. Зөвлөмж, зөвлөгөө авахаас эхлээд тухайн холбооны эксперт, тусгай хяналт шалгалтын төлөөлөл Монголд ирж ажилласан. Энэ хэргийн шийдвэрлэлт ямар шатанд явааг хурал болгоноороо тайлагнадаг. Аравдугаар сарын нэгдсэн хуралд анхаарал хандуулахыг хүсэж саяхан тус холбооноос холбогдсон. Уг нь 2020 онд яг энэ асуудлаар Монгол Улс маш идэвхтэй ажилласан байдаг. Улмаар 2021 онд хэрэгт холбогдсон хоёр хүнийг хилсээр эрүүдэн шүүж, хэрэгт буруутгасан байна гэдэг мэдээллийг авсан. Тиймээс энэ иргэдийн асуудал юу болж байна, үндсэн хэрэг нь ямар шатанд яваа талаарх мэдээллийг биднээс хүссэн. Холбогдох мэдээллийг тайлагнаж явах ёстой учраас УИХ-ын даргын захирамжаар Ажлын хэсэг байгуулсан.
Мэдээж ажлын хэсэгт Хүний эрхийн үндэсний комиссын төлөөлөл багтсан. УИХ-ын Хүний эрхийн дэд хороонд өгсөн мэдээллээр эрүүдэн шүүгдсэн, үүнд хохирсон иргэдтэй холбоотой кэйс маш тулгамдсан асуудал болсон юм билээ. Хууль, эрх зүйн хувьд ялгаагүй. Өөр хоорондоо уялдаа холбоогүйгээс удааширдаг. Эсвэл хохирлын хэмжээ маш бага байдаг. Үүний нэг жишээ нь Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын хэрэг байна гэдгийг Хүний эрхийн үндэсний комиссоос Дэд хороонд ирүүлсэн тайландаа дурдсан байдаг. Тэгэхээр хууль, эрх зүйн орчиндоо байна уу, журам хоорондын зөрчилдөөнтэй асуудалд байна уу, яагаад энэ хэрэг шүүхийн шатандаа шийдэгдэж чадахгүй байна гэдгийг УИХ-ын гишүүдийн хянан шалгах бүрэн эрхийн хүрээнд Ажлын хэсгээс үйл ажиллагаатай нь танилцаж, сайжруулах механизмыг эрэлхийлнэ. Мэдээж эрх нь зөрчигдсөн хүмүүсийн хохирлыг нөхөн төлүүлэх ажил хаанаа гацаад байгаад анхаарна.
Түүнээс С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн үндсэн хэрэг мөрдөн байцаалтын шатандаа яваа байх. Харин бидний хувьд хүний эрхийг хангах тогтолцооны чиглэлээр юунд анхаарах, тухайн хоёр хүний эрхийг сэргээх тал руу нь ажиллана” гэв.
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан