2019.08.08

12 сард Тавантолгойн охин компанийн зах зээлд гаргах бэлэн байдлыг бүрэн хангана

Засгийн газраас  “Эрдэнэс Тавантолгой” компанийн талаар авах зарим арга хэмжээний тухай 279-р тогтоолыг баталсан. Энэ тогтоолд Тавантолгойн ордын Зүүн цанхийн хэсгийг эзэмшиж, түүнийхээ 30 хувийг гадаад зах зээлд IPO гаргах эрх мэдэл бүхий охин компани байгуулахаар тусгасан байна.

УИХ-аас “Эрдэнэс Тавантолгой” компанийн 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын Хөрөнгийн биржид нээлттэй арилжаалах шийдвэр гаргаж, тогтоолын төслийг батлаад жил гаруйн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд IPO ямар хөрөнгийн бирж дээр гаргах, цаашид ямар арга хэмжээ авах гээд олон жил хийгдэж байгаагийн нэг нь энэхүү охин компани байгуулах юм байна.

Олон улсын жишгийн дагуу IPO хийх компани нь олон улсын стандартын дагуу, ямар хэмжээнд, ямар үйл ажиллагаа явуулах зэрэг бүрэн эрх мэдэл бүхий компани байх аж. Ингэхдээ “Эрдэнэс Тавантолгой” компани 70 хувиа өөрөө эзэмшиж, охин компани нь 30 хувийг эзэмших бус хөрөнгийн биржид гадаадын хөрөнгө оруулагчдад санал болгох зуучлалын үүрэг гүйцэтгэх компани байхаар зохион байгуулахыг Д.Сумъяабазар сайдад даалгажээ.