2019.09.07
Сонгинохайрхан дүүргийн 158 дугаар цэцэрлэгийн дулаалгын ажил дуусч нээлтээ хийлээ
Швейцарын хөгжлийн агентлаг (ШХА), ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны санхүүжилтээр НЗДТГ, Германы олон улсын хамтын ажиллагааны агентлагийн (GIZ) хамтран хэрэгжүүлж буй "Монгол Улс дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашиг" төслийн хүрээнд 2018-2021 онд Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн дулааны алдагдал ихтэй 20 сургууль, цэцэрлэгийг дулаалахаар болсон.
Энэ ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 158-р цэцэрлэгийн дулааны алдагдлыг бууруулах дулаан техникийн их засварын ажил амжилттай дууссан байна. Өчигдөр /2019.09.06/ уг цэцэрлэг 2019-2020 оны хичээлийн жилийн нээлтээ хийлээ.
Нээлтэд Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа оролцож баяр хүргэж бяцхан хүүхдүүдэд амжилт хүслээ.
Тус төслийн хүрээнд барилгын их засварын ажлын жишээгээр нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтыг үр дүнтэй, нээлттэй, жендэрийн мэдрэмжтэй болгох бодлогын дэмжлэг үзүүлэх болон чадавхи бэхжүүлэх ажлууд давхар хийгдэж байгаа нь онцлог юм.