Д.Ганхуяг гишүүн асуулга тавилаа
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, С.Эрдэнэ, Ц.Шинэбаяр нар ерөнхий сайдад Таван толгойн ордын талаар асуулга тавилаа. Тодруулбал, Таван толгойн ордын хайгуулын лицензийг 2006 онд ашиглалтын лиценз болгосон байна. Энэ нь Ашигт малтмалын тухай хуулийн "Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон талбайд ашиглалтын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгоно" гэсэн заалтыг зөрчиж байгаа эсэхийг Ерөнхий сайдаас тодруулахыг хүсжээ. Мөн Таван толгойн Ухаа худгийн хэсгийг Засгийн газар дур мэдэн нэр бүхий компанид олгосон шалтгааныг асуужээ. Үүнээс гадна энэ оны хаврын чуулганаар Засгийн газар Таван толгойн ордыг ашиглах танилцуулга хийхдээ Ухаа худгийн талбайг орхигдуулсан аж. Иймэрхүү хууль зөрчсөн байж болох асуудлуудад тайлбар өгөхийг Ерөнхий сайдаас хүсжээ. Мөн Таван толгойн ордоос нэг хүнд хэдэн ширхэг хувьцааг ямар байдлаар хэзээнээс олгож эхлэх талаар асуужээ.