Герман уул уурхайн салбарт хамтран ажиллах сонирхолтой байна
УИХ-ын дэд дарга Г.Батхүү, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн, Ж.Батсуурь, З.Алтай болон Ерөнхийлөгч асан П.Очирбат, Н.Багабанди, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн эдийн засаг, дэд бүтцийн бодлого хариуцсан зөвлөх П.Цагаан нар Германы Засгийн газрын урилгаар "Байгаль орчин, нийгэмд ээлтэй уул уурхайн бодлого" сэдвийн хүрээнд Берлин, Саксон мужийн Дрезден, Фрайберг хотуудад зочлов. Германы Бундестагийн дэд ерөнхийлөгч хатагтай Герда Хассельфольд хүлээн авч уулзан Байгаль орчин, эдийн засаг, нийгэмд зэлтэй уул уурхайн бодлого ба хэрэгжилтийн талаар ярилцжээ.
Энэ үеэр германчууд Монгол Улстай уул уурхайн салбарт хоёр талын эрх ашигт нийцсэн урт хугацааны найдвартай тогтвортой стратегийн түншлэл тогтоох сонирхолтой байгаагаа илэрхийлсэн гэнэ. Газрын ховор элемент, зэс, жонш ган боловсруулах элемент зэрэг нь германчуудын анхааралд өртөөд байгаа юм байх. Тус улсын компаниуд уул уурхайн бизнест орох хүсэлтэй байгаагаас гадна хөдөө аж ахуйн чиглэлээр хамтарсан боловсруулах үйлдвэр байгуулах бололцоотой гэжээ. Германы Бундестагийн дэд ерөнхийлөгч хатагтай Герда Хасельфельд Монголыг ихээхэн сонирхдогоо илэрхийлж ирэх оны эхний хагаст Монголд тодорхой хөтөлбөртэй, ажил хэргийн саналуудтай айлчилна гэж мэдэгдсэн байна.