УИХ-ын дарга, гишүүд  Энэтхэг, Вьетнам улсад айлчилна
2010.12.08

УИХ-ын дарга, гишүүд Энэтхэг, Вьетнам улсад айлчилна

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл Энэтхэгийн парламентын урилгаар 2010 оны арванхоёрдугаар сарын 9-13-ны өдрүүдэд БНЭУ-д, Вьетнамын Үндэсний Ассамблейн урилгаар мөн сарын 14-17-ны өдрүүдэд БНСВУ-д албан ёсны айлчлал хийнэ

УИХ-ын дарга БНЭУ-д айлчлах хугацаандаа тус улсын Дэд Ерөнхийлөгч, парламентын Лоб Сабхагийн дарга, парламент дахь сөрөг хүчний удирдагч нартай уулзахын зэрэгцээ парламентын доод, дээд танхимын хуралдааны явцтай танилцаж, Лоб Сабхагийн телевизэд ярилцлага өгөх юм. Мөн Энэтхэгт суралцаж байгаа монгол оюутнуудтай уулзахаар төлөвлөжээ.

УИХ-ын даргыг БНЭУ-д айлчлахад УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн ахлагч Д.Лүндээжанцан, УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн ахлагч Ч. Сайханбилэг, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга Д.Одбаяр, УИХ-ын гишүүн, тус бүлгийн дэд дарга Р.Гончигдорж, УИХ-ын гишүүн С.Оюун, Д.Тэрбишдагва, Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд А.Ундраа, албаны бусад хүн дагалдана.

УИХ-ын дарга БНСВУ-д айлчлах хугацаандаа Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Нгүен Фү Чонгтой уулзаж хэлэлцээ хийхээс гадна тус улсын Засгийн газрын Ерөнхий сайд Нгүен Тан Зунгтай уулзаж, Ерөнхийлөгч Нгүен Минь Чиетэд бараалхахаар төлөвлөжээ. Мөн Куанг Нинь мужид зочлохын зэрэгцээ тус улсад ажиллаж, амьдарч байгаа монгол иргэд, оюутнуудтай уулзах юм.

УИХ-ын даргыг БНСВУ-д айлчлахад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Вьетнамын парламентын бүлгийн дарга Ж.Энхбаяр, УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Д.Одбаяр, Д.Тэрбишдагва, Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд Ч.Куланда, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле нар дагалдана. Мөн УИХ-ын даргыг дээрх хоёр улсад айлчлахад УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ц.Нарантунгалаг, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Золбаяр, албаны бусад хүн, хэвлэл, мэдээллийн сурвалжлагчид дагалдаж ажиллана гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.