ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан ДМАЭМБ-ын үнэлгээний багийг хүлээн авч уулзлаа
2019.09.24

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан ДМАЭМБ-ын үнэлгээний багийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын мал эмнэлгийн салбарын гүйцэтгэлийн үнэлгээг боловсруулах, зөвлөмж зөвлөгөө өгөх үүрэг бүхий Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын үнэлгээний баг Монгол Улсад 2019 оны 9 дүгээр сарын 23-наас 10 дугаар сарын 05-ны өдрүүдэд ажиллаж байна.

Энэхүү ажлын хүрээнд Үнэлгээний багийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан хүлээн авч уулзлаа. ХХААХҮ-ийн сайд Монгол улс ДМАЭМБ-д 1989 оны 5 сард гишүүнээр элссэнээс хойш хоёр талын хамтын ажиллагаа 2006 оноос эрс идэвхжсэн. Энэ хугацаанд Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагаас 2007, 2010, 2012, 2014 онуудад нэр хүнд бүхий бие даасан шинжээчдээс бүрдсэн үнэлгээний баг, удаа дараагийн шинжээчдийг ирүүлэн зөвлөгөө өгсөн нь маш чухал ач холбогдолтой байсныг дахин онцлосон юм.

Мөн тэрээр салбарын суурь хуулиудаа батлуулан, хэрэгжүүлж байгаа талаар дурдлаа. Эдгээр хуулийн хүрээнд байгуулагдсан мэргэжлийн босоо тогтолцоотой МУ-ын мал эмнэлгийн салбартай хамтран ажиллаж, хөрөнгө оруулалт, хүний нөөцийг чадавхжуулах, гоц халдварт өвчинтэй ялангуяа шүлхий, бог малын мялзан өвчинтэй тэмцэхэд нягт хамтран ажиллахыг хүслээ.