АТГ прокурорын өмнө мөхөстөв
УИХ-ын гишүүн Х.Баттулга Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж тэргүүтэй зарим улстөрчийг авлига авсан байж магадгүй гэж үзэн, холбогдох баримтуудыг шалгуулахаар АТГ-т хандсан. Тус газрынхан Х.Баттулга гишүүний өгсөн мэдээллийн дагуу шалгалт хийж, эрүүгийн хэрэг үүсгэсэн боловч Нийслэлийн прокурорын газраас хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргажээ. Энэ тухайгаа гишүүнд ирүүлсэн албан бичигт тодорхой тусгасан байв. Тухайлбал, УИХ-аас Таван толгойн орд газрыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах шийдвэр гаргасан байхад үүнийг зөрчин Засгийн газар Ухаа худагийн орд газрыг ашиглах тусгай зөвшөөрлийг "Энержи Ресурс" ХХК-д шилжүүлсэн нь тогтоогдлоо гэжээ. Түүнчлэн мэдээлэлд дурдсан бусад асуудлын талаар зохих шалгалтыг бүрэн хийж чадаагүй тул хариу өгөх боломжгүй байна гэдгийг ч албан бичгийн төгсгөлд дурдсан байв. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр, ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил нар дээрх ордыг ашиглах тусгай зөвшөөрлийг "Энержи Ресурс" компанид шилжүүлэхийн тулд МСS компаниас 153-935 ам.метр талбайтай байр авлигад авсан гэсэн мэдээлэл байгаа юм.