Хэнтий аймаг: Төрийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо
2019.11.18

Хэнтий аймаг: Төрийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо

Эрх чөлөө, тусгаар тогтнол, үг хэлэх эрх чөлөөний төлөө тэмцсэн Ардчилсан хувьсгалын 30 жилийн түүхэн ой энэ жил тохиож байна. Ойг тохиолдуулан, Монгол улсад өрнөсөн Ардчилсан хувьсгалд гар бие оролцож, хүмүүнлэг ардчилсан нийгмийг цогцлоохын төлөө зүтгэсэсэн ахмад зүтгэлтнүүдийг төрийн дээд одон медалиар шагнаж урамшууллаа. Төрийн дээд одон медаль гардуулах ёслолын үйл ажиллагаа эх орны наран ургах зүг Хэнтий аймгаас эхэлсэн юм.

П.Батбөх: Төрийн өндөр дээд одон медалт авсандаа баяртай байна. Би 1990 онд ардчилсан хувьсгал анх өрнөхөд өөрийн бие сэтгэлээ зориулж байсан. Тэр дундаа олон намын систем бий болоход анх Хэнтий аймгийн Ардчилсан намын даргаар сонгогдож байлаа. Тухайн цаг үе нийгэм хэцүү байсан хэдий ч тухайн үед бие сэтгэлээрээ зүтгэж өнөөгийн сайхан нийгмийг цогцлоохын төлөө явж байлаа.

Ц.Мөнбиш: Хоёргүй сайхан сэтгэлээр ид 30-аадхан насандаа ардчилсан нийгмийн талаар анх удаа мэдэж, Хэнтий аймгийн Батширээт суманд байхдаа Шинэ дэвшилтэт холбоонд гишүүнээр элсч, дотны хэдэн найзуудтайгаа сонсч сурсан зүйлсээ илүү олон хүнд хүргэхээр ажиллаж байлаа. 1994 онд Дадал суманд ирээд ч хийж байсан ардчиллын төлөөх үйлсээ үргэлжлүүлж байсан юм. Өнөөдөр төр засаг маань биднийг үнэлж шагнаж урамшуулж байгаад үнэхээр их баяртай байна.

Дашрамд дурдахад Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн хүрээнд Ардчилсан намаас анх удаа “Олон улсын ардчиллын өдөр”/2019.09.13/-ийг тэмдэглэн өнгөрүүлсэн юм. “Ардчиллаа хамгаалья” уриан дор “Монгол улс ардчиллын замаар- Ардчилал бидэнд юу өгсөн бэ” сэдэвт онол практикийн бага хурал хэлэлцүүлэг зохион байгуулж, Ардчиллын 30 жилийн түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, Ардчиллын түүхийг өгүүлсэн цуврал боть номын нээлт, Монголын хамгийн том тайз бүхий дуу дүрсний гайхамшгийг харуулсан лазер шоу, урлагийн тоглолтыг зохион байгуулсан юм.