С.Эрдэнэ: Сонгуулийн тухай хууль нэг шат ахисан
Эх сурвалж: Үндэсний шуудан,
Парламент өнгөрсөн баасан гарагт УИХ-ын сонгуулийн тухай хуулийг баталсан. Энэ талаар сөрөг хүчний төлөөлөл, уих-ын гишүүн С.Эрдэнийн байр суурийг сонирхолоо
-Сонгуулийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа. Дээрх хуулийн төслийг та юу гэж харж байна вэ?
-Шинэ батлагдсан Сонгуулийн тухай хууль нэг шат ахисан. Хуучин 76 жижиг, мажоритар тогтолцоогоор сонгууль явахад учир дутагдалтай зүйл их байсан. Тухайлбал, сүүлийн дөрвөн жилийн төсвийн хувиралтыг харах юм бол 76 тойрогт төсвөө хувиарлах, улс төрийн нөлөөтэй нь өөрийн тойрог руугаа илүү төсөв олгох зэрэг асуудал гарсан. Үүнээс болж улс орны хөгжлийн том бодлогууд зогсонги байдалд орсон. Тэгэхээр үүнийг өөрчлөх зайлшгүй шаардлага үүссэн. Харин шинэ хуулиар хэт жижиг бус, аймаг дүүргийг бүхэлд нь харах давуу байдал бий болж байна гэж харж байна. Уг нь манай намын оруулсан холимог тогтолцоо хамгийн зөв хурилбар гэж харж байлаа. Гэтэл үүнийг дэмжээгүй.
-Томсгосон тойрог дээр намын гишүүд хоорондоо өрсөлдөөн бий болгож болзошгүй гэж зарим судлаачид таамаглаж байна. Намын гишүүд хоорондоо өрсөлдөнө гэсэн үг үү?
-Давхцах зүйл байхгүй. Мандатын тоогоор өрсөлдөнө. Хэн олон санал авсан нь сонгогдоно. Намын гишүүд хоорондоо өрсөлдөх эсэх нь тухайн намын сахилга, хариуцлагын асуудал. Үүнийг би хувьдаа намын эв нэгдлийн асуудал гэж харж байгаа.
-Авилга албан тушаалын хэргээр ял эдэлж байсан хүмүүсийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэх хуулийн заалт орсон. Энэ талаар ямар байр суурьтай байв?
-Манай намын гол үзэл баримтлал хувь хүний эрх, эрх чөлөөг дээдлэх. Тэгэхээр хүний эрхийг хааж боогдуулсан оролдлогыг бид хэзээ ч дэмжихгүй. Алдаа гаргадаггүй хүн гэж байхгүй. Гаргасан алдааныхаа үүрэг хариуцлагыг хүлээгээд, иргэний эрхээ бүрэн эдэлж байгаа бол бид ялгаварлан гадуурхаж болохгүй. Урьд нь чи ял эдэлж байсан гэж насан туршид нь яллаж байгаа үйлдэл нь өөрөө Үндсэн хууль зөрчсөн хэрэг. 2008 онд энэ заалтыг Үндсэн хуулиар хүчингүй болгож байсан түүхтэй. Тэгэхээр энэ асуудал дахин Үндсэн хуулийн цэц дээр яригдах болов уу.