Б.Цэрэн: Бусад оронд бага насны хүүхдийг хувийн автомашинаар зөөхийг хориглодог
2020.02.07

Б.Цэрэн: Бусад оронд бага насны хүүхдийг хувийн автомашинаар зөөхийг хориглодог

Эх сурвалж: Монголын мэдээ сонин, сэтгүүлч Д.Оюун-Эрдэнэ 

Хан-Уул дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс “Архигүй орчин” аяныг хэрэгжүүлж эхэлжээ. ИТХ-ын даргын захирамжаар дүүргийн  хууль , хяналт, боловсрол,  эрүүл мэндийн байгууллагатай хамтран зохион байгуулж байгаа аж. Энэ талаар Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Б.Цэрэнгээс тодрууллаа. 


-Хан-Уул дүүрэг нийс­лэ­лийн бусад дүүргийг бод­вол харьцангуй тайван гэдэг. Гэмт хэргийн гаралт, архи­дан согтууралт дүүр­гийн  хэм­­жээнд  ямархуу  байгаа вэ? 

-Манай дүүрэгт гэмт хэргийн гаралт  мэдээж бусад дүүрэгтэй харьцуулахад  их,  бага, янз бүр байгаа. Ихэвчлэн архидалттай холбоотой гэмт хэрэг хаа сайгүй бий. Хан-Уул дүүргийн хэмжээнд 2019 онд л гэхэд архидалттай холбоотой гэмт хэрэг 113 удаа гарч,  зохих журмын дагуу шийдвэрлэсэн.  Мөн  архидан согтуурсан гэсэн 13225 дуудлагын дагуу 8262 хүн эрүүлжүүлэгдсэн.  Согтуугаар тээврийн  хэрэгсэл жолоодож эрхээ хасуулсан 2116 иргэн байгаа. Харамсалтай нь архинаас үүдэлтэй золгүй байдлаар болон амиа хорлож нас барсан бүртгэл жилээс жилд нэмэгдсэн гэсэн албан ёсны статистик тоо баримт гарлаа. Эдгээрээс үзэхэд  гэмт хэргийн шалтгаан нөхцөл  нь архины хамаарлаас болчихоод байгаа юм. Гэр бүлийн хүчирхийллийн 90 хувь нь согтуурсан үедээ үйлддэг гэсэн мэдээллийг  цаг­даагийн байгууллагаас өгсөн. 

-Архинаас шалтгаалсан гэмт хэргийн гаралт эзэлж байгаа талаар хэл­лээ. Архи­далтыг багас­гах чиглэлээр дүүр­гийн хэм­жээнд  ямар арга хэм­жээ авч байгаа вэ. Цаашид дүүргийнхээ ир­гэ­дээ эрүүл, аюулгүй орчинд  амьд­руулахад ямар үйл ажил­лагааг авч хэрэг­жүүлэхээр төлөвлөсөн бэ?

-“Архигүй орчин” аянаа илүү төгс хэрэгжүүлмээр бай­на. Үүнээс гадна ногоон бай­гуу­ламж, тоглоомын талбай, сурах нөхц­лүү­дийг сайжруулбал ир­гэд Хан-Уул дүүрэгт ирж суурьших сонирхол нь нэмэг­дэх байх. Аюулгүй тайван орчныг бий болгоход хувь хүмүүсийн замбараагүй архидалтыг багас­гах ёстой. Ингэж байж тайван орчин бүрдэнэ. Эцэг, эхчүүд хүүхдээ өөрсдөө сургуульд нь зөөгөөд байгаа нь ч үүнтэй холбоотой шүү дээ. Хэрвээ архидалттай тэмцвэл гэмт хэргийн  гаралт ч буурна. Хан-Уул дүүрэг “Эко дүүрэг” болох  зорилт дэвшүүлээд  байна. “Эко дүүрэг” гэдэг нь зөв зохион байгуулалт гэсэн үг. Иргэдийн  амьдрах орчныг амар тайван,  бухимдалгүй болгох  учиртай. Нэгдүгээрт, дүүргийн хэмжээнд ногоон  байгууламжийг нэмэг­дүүлсэн. Дүүргийн зохион байгуулалт,  хотын хөгжлийн бодлогын хувьд бусад дүүргээс ялгарахуйц хэмжээнд байдаг. Өөрөөр хэлбэл, Яармаг, Шинэ нисэх  орчимд  төлөвлөлтүүд маш ихээр хийгдэж байна. Шинээр ашиглалтад  орж буй орон сууцнууд  нь  цэцэрлэг, тоглоомын  талбай, хүүхдийн  аюулгүй байдлыг хангасан  орчин  нөхцлийг  бий болгож байгаа. Манай бусад хорооллууд ч хүүхдийн тоглоомын талбайд анхаарал хандуулдаг боллоо. Үүнд онцлоод хэлэхэд жижиг цэцэрлэгт хүрээлэнгийн  тоог гурваар нэмлээ. Ногоон  бай­гуу­ламж, зөв зохион байгуулалт, төлөвлөлтийг  улам сайжруулж, цаашид төрийн үйлчилгээг шуур­хай, бухимдалгүй хүр­гэхэд цахим орчныг нэлээн ашиг­лаж байна. Цаашдаа Хотын захиргаатай хамтран олон ажлыг зохион байгуулна. 2020 онд “Эко дүүрэг”, “Архигүй орчин”-ыг бий болгоё гэсэн  хөтөлбөр гарган, эрчимтэй ажиллах юм. 

-Одоохондоо  цэцэрлэг, сургуулийг  түр хаасан  уч­раас түгжрэл  бага байна.  Хүүхэд, багачууд хичээллэх үеэр Хан-Уул дүүрэг их түгж­рэлтэй байдаг. Энэ асууд­лыг  хэрхэн зохицуул­даг вэ? 

-Миний харж байгаагаар  сургууль, цэцэрлэгийг түр хаа­чих­сан  байхад  замын  түгж­рэл эрс багассан. Сургууль, цэцэрлэг рүү хүүхэд зөөдөг их урсгал, оюутан залуус хичээл­дээ явахдаа машинтай явдгаас шалтгаалж зам ачааллаж байгаа. Тэгэхээр нийтийн тээврийг маш сайн хөг­жүүлэх ёстой. Цаашлаад сур­гуулиудын чанарыг сайж­руулах замаар тойргийнх нь сургуульд хүүхдээ өгдөг болгох хэрэгтэй. Манай эцэг, эхчүүд  нэг захаас нөгөө зах руу хүүхдээ зөөгөөд байхаар түгжрэл ихэссээр байна. Яармагийн зам дагуу “Шинэ Монгол Харүмафүжи”, “Сакура” гэх мэтчилэн томоохон сургууль үйл ажиллагаа явуулж байна. Хүүхдээ зөөх нүүдэл их байгаа учраас түгжрэлийн нэг шалтгаан. Мэдээж нэг өдрийн дотор өргөс авсан мэт түгжрэлгүй болчихгүй. Бодлогоор зохицуулалт хийх шаардлагатай. 

-Яармагийн зам дагуу байрлаж буй сургуулиудад дүүргийн зүгээс ямар нэгэн шаардлага тавьдаг уу?

-Дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй улсын болон  хувийн сур­гуулиуд сурагчдаа авто­бусаар зөөх зохион бай­гуулалт хийж байгаа боловч эцэг, эхчүүд өөрсдөө хүүхдээ зөөх сонирхолтой байдаг. Заавал өөрөө хүүхдээ хүргэж байж санаа амардаг монголчуудын  сэтгэхүй нөлөөлж байх шиг.  Сургуулийн автобусанд хүүх­дээ суулгаад явуулна гэдэг нь иргэдийн бодолд бууж өгөхгүй байна шүү дээ. “Шинэ Монгол Харүмафүжи”  сургуулийн  захир­гаа дүүргийн Замын цаг­даа­гийн хэлтэстэй хамтраад, эцэг эхчүүд нь хүргэж өгч байгаа бол  багш нар нь тосож аваад шууд явуулах арга хэрэгжүүлж байгаа. Иймэрхүү зохион байгуулалтыг сургуулиуд хийх хэрэгтэй. Тухайлбал, 1000 хүүхдийн  талыг нь 500 машин  зөөхөд л өглөө,  өдөр, оройн  урсгал  ямар байх вэ. Бусад оронд  бага насны хүүхдийг хувийн автомашинаар зөөхийг хориглодог. Бид дэл­хийн нийтийн туршлагыг  одоо­ноос хэвшүүлэх хэрэгтэй байна.  

-Яармагийн  зам дагуу зорчигч өөрөө удирддаг гэрлэн дохиог өнгөрсөн на­мар байрлуулсан. Ингэс­нээр  ямар өөрчлөлтүүд гарав?

-Яармагийн зам цөөнгүй гэрлэн дохиотой. Улаан гэрэл  асчихсан үед явган хүн зам хөдлөн гараагүй байсан ч тухайн автомашин зогсох үүрэгтэй. Харин тэрний оронд явган зорчигч өөрөө хүрч ирээд кнопоо дарвал гэрлэн дохио автоматаар асаж автомашинаа  зогсоодог. Ялангуяа орой хөл, хөдөлгөөн сийрэг болсон үед гэрлэн дохио цагийн механизмаар ажиллаад байхгүй байнгын ногоон гэрэлтэй байвал хэн хэндээ хэрэгтэй. Хүмүүс ч хэвшиж байгаа. Зарим иргэд тоглоомоор дарах нь ч бий. 

-Хороолол, хотхоноос гад­на зам барих ажил ихээ­хэн хийгддэг дүүргийн нэг шүү дээ? 

-Хотын захиргаа болон Засгийн газартай хамтраад замын маршрутыг нэмж өгөх шаардлагатай гэж харж байна. Шинэ нисэх онгоцны буудал ажиллаж эхэлвэл тавдугаар сарын 1-ний өдрөөс хурдны замын ачаалал ихэснэ. Өнгөрсөн жил манай дүүрэгт Сонсголонгийн гүүр дөрвөн эгнээтэй болж, Яармагийн  гүүр давхар замтай болсон. Мөн Замын цагдаагийн гүүр  давхар гүүртэй болсон  гэх мэтчилэн хот руу орох ачааллууд харьцангуй багаслаа. Үүнээс гадна Яармагт дахин “ТЭЦ-4” рүү ордог салбар зам гаргавал замын ачаалал, түгжрэл дахин багасна гэж харж байгаа. Гэхдээ иргэд хаашаа ч явсан хувийн автомашинаараа их зорчих юм. Уг нь төрийн үйлчилгээний дийлэнхи нь цахим хэлбэрт шилжчихсэн байхад, заавал өөрийн биеэр очиж авдаг. Өөрт төвөг болохгүй гэрээсээ төрийн үйлчилгээг аваад байж болно шүү дээ.