Ө.Энхтүвшин: Ерөнхийлөгчийг БНХАУ-аас ирсний дараа 14 хоног тусгаарлана
Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр БНХАУ-д айлчилна. Коронавирусийн халдварын голомтот улс руу зорчиж байгаа тул Төрийн тэргүүн болон дагалдан явах багийнхан ирсэн даруйдаа ном журмын дагуу тусгаарлагдана. Улсын онцгой комиссын шийдвэрийг мөрдөж ажиллана хэмээн Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлсэн.
Тэгвэл өнөөдөр УОК-ийн дарга Ө.Энхтүвшин мэдээлэл хийх үеэр энэ талаар сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр БНХАУ-руу айлчилна гэсэн мэдээлэл байгаа. Зөвшөөрөл авсан уу. Ирсний дараа тусгаарлалт хийх үү?
Ерөнхийлөгч өнөөдөр үдээс хойш БНХАУ-д очоод өдөртөө буцаад ирнэ. УОК-ын даргаас зөвшөөрөл авах ёстой. Тэр зөвшөөрлийг сая /2020.02.27/-ны 12.00 цагийн орчимд өгч, гарын үсэг зурлаа. Ирсний дараа халдвартай бүсээс ирсэн иргэдэд авч буй дүрэм журам Монгол Улсын Ерөнхийлөгч болон дагалдан явсан бүрэлдэхүүнд үйлчилнэ. Оношилгоо, шинжилгээнд оруулж, 14 хоног тусгаарлана.
Хичнээн хүн дагалдаж байгаа вэ?
Арав гаруй хүн Ерөнхийлөгчийг дагалдан явах юм байна. Энэ айлчлалыг заавал хийх шаардлагатай эсэхийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэж, Ерөнхийлөгчийг энэ айлчлал хийх шийдвэрийг гаргасан. Айлчлалын хүрээнд Төрийн тэргүүн БНХАУ-ын Дарга Ши Жиньпин, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нартай уулзаж, цаг үеийн асуудлаар ярилцахаар төлөвлөсөн.