Ч.Улаан: 4 сарын турш өдөр тутамд 100 тонн мах нийлүүлэх нөөц бэлтгэсэн
2020.03.09

Ч.Улаан: 4 сарын турш өдөр тутамд 100 тонн мах нийлүүлэх нөөц бэлтгэсэн

Эх сурвалж. Өглөөний сонин, М.Бүүвэй

Улсын Онцгой комиссоос Монгол Улс-БНСУ, Монгол Улс-Япон Улс, Улаанбаатар-Эрхүү-Улаанбаатар, Улаанбаатар-Улаан-Үд-Улаанбаатар чиглэлийн олон улсын хуваарьт нислэгийг зогсоосон хугацааг гуравдугаар сарын 28 хүртэл сунгах шийдвэр гаргалаа. Мөн Онцгой комиссоос хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэлтийг анхаарахаар болсон байна.


 

Энэ дагуу ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан “Манай улс дор хаяж 3-4 сар дотоодынхоо нөөцөөр хүнсний хангамжаа залгуулах шаардлага үүсээд байна. Тиймээс туйлын бэлэн байдалд ажиллах ёстой. Монгол Улс хүнсний аюулгүйн нөөцтэй байх ёстой гэдэг нь харагдаж байгаа. ҮАБЗ-өөс улирлын нөөц бүрдүүлэхийг үүрэг болгосон. Өнөөдрийн байдлаар 12 мянган тонн мах нөөцлөөд байна. 4 сарын турш өдөр тутамд 100 тонн мах нийлүүлэх нөөц бэлтгэж чадсан. Мөн гадаад улсад гаргахаар бэлтгэсэн махнууд бий. Энэ махыг дотоодын зах зээлд нийлүүлэх боломжтой. Ингэж үзвэл энэ хавар Улаанбаатарт махны хомсдол үүсэхгүй. Маргаашаас эхлээд 279 цэгээр нөөцийн махыг худалдаална” хэмээн мэдээлэл өглөө.

Түүнчлэн “Монгол Улс 407 мянган тонн улаан буудай хурааж авсан. Үүнээс 246 мянган тонныг гурилын үйлдвэрт тушаасан. Энэ нь нийт хэрэгцээний 80 хувийг хангахаар байгаа. Тиймээс импортоор сайн чанарын гурилын улаан буудай авахаар ажиллаж эхлээд байна. Цаашид гурилын үйлдвэрүүд тасралтгүй ажиллана. Энэ хүрээнд 100 мянган тонн улаан буудайг импортоор авч 90 мянган тонноор нь гурил үйлдвэрлэнэ. Энэ нь 60 мянган тонн гурил болж Монгол Улсын нэг улирлын хэрэгцээг бүрэн хангана. Тэгэхээр шинэ ургацын улаан буудай гарах хүртэл дотоодын хэрэгцээгээ хангаж чадна” хэмээн мэдээлэл өгөв.