Шадар сайд Ө.Энхтүвшин: Тусгаарлах байранд дээд зэргийн дэг журмыг сахих ёстой
2020.03.16

Шадар сайд Ө.Энхтүвшин: Тусгаарлах байранд дээд зэргийн дэг журмыг сахих ёстой

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу БНСУ-аас иргэдээ авчирах захиалгат нислэг маргааш буюу 3 дугаар сарын 15-ны 07:45 цагт Улаанбаатар-Сөүл чиглэлд хийгдэнэ.

Өнөөдөр Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян болон бусад холбогдох албаныхан БНСУ, Япон цаашлаад Европын зарим улс орнуудаас захиалгат нислэгээр ирэх иргэдийг байршуулах тусгаарлах байрны бэлэн байдалтай танилцлаа.

Нэн тэргүүний шийдвэрлэх асуудал бол маргаашийн Улаанбаатар-Сөүл чиглэлийн нислэгээр ирэх 252 иргэнийг тусгаарлах юм. Улмаар дээрх 252 иргэнээс жирэмсэн, сахиуртай өвчтөн, хөгжлийн бэрхшээлтэй зэрэг эрүүл мэндийн шалтгаантай 47 иргэнийг Цэргийн нэгдсэн төв эмнэлэг /Госпитал/-т, үлдсэн 205 иргэнийг Чингис хаан Олон Улсын нисэх онгоцны буудлаас 9 километрийн зайд орших Энхсаран сувилалд тусгаарлахаар боллоо.

Тусгаарлах байрны бэлэн байдалтай танилцах үеэр Шадар сайд Ө.Энхтүвшин "Бид шаардлагатай бүх арга хэмжээг авч байна. Нислэгүүд дүүрэн, нэг онгоцонд 250 хүн ирэхээр байна. Тэгэхээр 250 хүнийг аль болох нэг газар л байлгах хэрэгтэй. Хэрэв тараан байршуулбал хяналт тавих, шинжилгээ хийхэд төвөгтэй байдал үүснэ. Моква-Берлиний чиглэлээс гэхэд орон орноос хүн ирнэ. Тиймээс тэдгээр хүмүүсийг нэг том зааланд олноор байршуулах нь эрсдэлтэй. Магадгүй тэр шинж тэмдэг далд үедээ явж байвал бусад нь халдвар авах эрсдэл үүснэ.
Тийм учраас нэг дор олноор биш нэг өрөөнд дөрвөөс таван хүн, дотроо ариун цэврийн өрөөтэй байх нь эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой гэж тооцоолж байна.Тусгаарлах байранд дээд зэргийн дэг журмыг сахих ёстой. Тусгаарлах байрны журмыг сахиж чадахгүй хүн тухайн улсдаа үлдсэн нь дээр. Өдрийн гурван хоолтой, 14 хоногийн хугацаанд өөр хоорондоо уулзахгүй, өрөөнөөсөө гарч орохгүй байх тийм л шаардлагыг хангах тусгаарлах байруудыг бэлтгэж байна".

Зарим зочид буудлууд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд төр засагтаа туслах үүднээс тусгаарлах байрны зориулалтаар ашиглуулах санал хүсэлтээ ирүүлжээ. Тухайлбал Баянзүрх дүүрэгт байрлах Амар зочид буудал тусгаарлах байрны бэлэн байдлыг ханган 250 ор бэлтгэсэн байна.
Дараагийн захиалгат нислэг 3 дугаар сарын 15-ны өдрийн 07:55 цагт Улаанбаатар-Москва-Берлин чиглэлийн нислэгүүд хийгдэх юм. Үүний дараа Улаанбаатар-Токио чиглэлийн нислэгийг 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 08.55 цагт тус тус хийхээр хуваарь гарч бэлтгэл ажлыг хангаад байна гэж Монгол Улсын Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.