Төмөр замын вант улс хувийн хэвшлийнхэнд үүдээ нээлээ
2009.05.13

Төмөр замын вант улс хувийн хэвшлийнхэнд үүдээ нээлээ

-Ачааны 1000 вагон төмөр замын паркинд шинээр нэмэгдэв-


Улаанбаатар төмөр зам хөдлөх бүрэлдэхүүнээ 1000 ширхэг вагоноор нэмлээ. Байнга ачааны вагон хүрэлцэхгүйгээс хэмээн гомдоллож байсан импортлогчид хийгээд экспортлогчид энэ удаад магнай тэнийн баярлалаа. Төмөр замын хуулийн дагуу хувийн компаниуд төмөр замыг ашиглаж болох юм. Тиймээс “Монголиан транс ложистик” компани төмөр замын хөдлөх бүрэлдэхүүнд 1000 ачааны вагон өөрийн хөрөнгөөр авч нэмлээ. 1000 вагоныг Монголын тал хүлээн авах ёслол өчигдөр Төмөр замын буудал дээр болсон юм. Ёслолд ЗТБХБ-ын сайд Х.Баттулга, “РЖД” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн тэргүүн В.Якунин, Улаанбаатар төмөр замын дарга В.Отгондэмбэрэл, “Монголиан транс ложистик” компанийн захирал М.Сүхбаатар болоод Монголын төмөр замын ажилтнууд оролцсон. Сүүлийн жилүүдэд төмөр замын ачаа эргэлт байнга нэмэгдэж байгаа. Зөвхөн дэлхийн эдийн засгийн хямралаас үүдэлтэйгээр энэ жилийн хувьд харьцангуй гайгүй байна. Харин Улаанбаатар төмөр нийгэмлэгийн хувьд хөдлөх бүрэлдэхүүнээ тэр бүр шинэчлээд байх боломж хомс байгаа. Хэдийгээр зээл, тусламжаар энэ асуудлыг тодорхой хэмжээгээр шийдэж болох ч эргээд тухайн байгууллагын нуруун дээр нь хүндхэн ачаа болоод байгаа юм. Харин хувийн компани энэ асуудлыг шийдэх болсон нь төрийн төсөвт төдийгүй, хувийнханд ч таатай боломж олгож байгааг ЗТБХБ-ын сайд Х.Баттулга онцолж байсан юм. Тэрээр цааш нь ярихдаа,

- 2007 онд төмөр замын хууль гарсан. Энд хувийн компанийнхантай хэрхэн, хамтарч ажиллах талаар тодорхой тусгасан. Бодлогын хувьд төмөр замын хөдлөх бүрэлдэхүүнийг хувийнханд өгье гэж байгаа юм. Тэгэхээр хувийн компаниуд өөрсдийн багаар ажиллаж, ачаагаа ч өөрсдөө олчихдог. Энэ нь улсын төсөвтөө ачаалал өгөхгүй гэсэн үг. Хэрвээ Улаанбаатар төмөр замд өгөөд зээлээр авчихлаа гэхэд бас л зээл болоод эдийн засгийн дарамт үүсгэнэ. Улсын төсөв дээр авчихлаа гэхэд л мөн ийм байдал үүснэ. Тэгэхээр хувийн хэвшлүүд хоорондоо ярилцаад үнэ мөнгөө тохиролцоод өөрсдөө ачаагаа олоод ажиллаад явчихна. Хувийнхан бол арай түргэн менежмэнттэй л дээ.

-Хувийнхан төмөр замд орж ирэхээр “Улаанбаатар төмөр зам”-ын өөрийнх нь олох ашиг орлого хомсдох юм уу гэсэн болгоомжлол байгаа юм л даа?

-Энэ ачааны вагон чинь төмөр замаараа л явна. Харин төмөр замчид маань ган рейсээ тослоод сууж байх хэрэгтэй . Аль болох их ачаа явах тусам ахиухан мөнгө л орно шүү дээ. Гол проблем нь манай төмөр замынхан болохоор өөрсдөө тээвэр зуучаа хийх гээд байдаг. Гэтэл энэ нь эргээд ачааны хомсдол үүсгээд байдал хүндэрдэг талтай.
ОХУ-ын “РЖД” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн тэргүүн В.Якунин цөөн хором сэтгүүчидтэй уулзаж саатахдаа бидний асуултад ийм хариу өглөө.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.