​С.Бямбацогт: Төрийн хяналтын дээд удирдлагыг Монгол төрийн нэг ганхашгүй багана байлгах ёстой
2020.04.21

​С.Бямбацогт: Төрийн хяналтын дээд удирдлагыг Монгол төрийн нэг ганхашгүй багана байлгах ёстой

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогттой Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар ярилцлаа. Тэрээр тус хуулийн төслийг санаачлагчдын нэг юм.

-Та бүхний өргөн барьсан Төрийн аудитын тухай хуулийг шинэчлэн найруулах үндсэн шаардлага нь юунд байв?

-Энэ асуултад хариулахын тулд Улсын их хурлаас өнгөрсөн онд баталсан Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар дурдах шаардлагатай болно. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал 20 гаруй жил яригдаж, сүүлийн гурван парламент дамжин идэвхтэй өрнөсө. Улсын их хурлын гишүүд төслийн танилцуулга, хэлэлцүүлгийг 21 аймаг, 9 дүүрэгт зохион байгуулж, иргэдээс 306 мянган санал ирүүлсэн байдаг юм. Төрийн ордонд олон өдөр үргэлжилсэн хэлэлцүүлгээр төрийн болон төрийн бус байгууллага, улс төрийн намууд, эрдэмтэн судлаачдаас 600 гаруй санал гарсан. Энэ саналуудыг багцлан авч үзэхэд Улсын их хурал ард түмний засаглах эрхийг хэрэгжүүлэхдээ гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж тогтвортой байдлыг хангах, нөгөө талдаа хяналтаа сайжруулах замаар төрийн эрх мэдлийн тэнцвэрийг оновчтой болгох асуудал хамгийн их жин дарж байсан тул Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд “Төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагын бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно” гэж тусгасан.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь төрийн хариуцлагыг төгөлдөржүүлэх, засаглалын хяналт-тэнцэл, тогтвортой байдлыг хангаж бие биенээ барьцаалсан эрх мэдлийн баглаа зангилааг тайлах, өнөөгийн болоод ирээдүйн нийгмийн хэрэгцээ шаардлага, ард түмний хүсэл зоригт нийцүүлж, Үндсэн хуулийн үзэл баримтлал, суурь зарчим, хүчин чадлыг илүү баталгаажуулсан юм.

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн агуулга, үзэл санаанд холбогдох хууль тогтоомжийг нийцүүлж, эрх зүйн шинэтгэлийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд Улсын их хурлаас хоёрдугаар сард “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” тогтоолыг баталсан. Энэ хүрээнд “Төрийн аудитын тухай хууль /Шинэчилсэн найруулга/”-ийн төслийг боловсруулсан юм. УИХ-ын тогтоолд хуулийн төслийн зохицуулах харилцааны товч утгыг “Төрийн аудитын байгууллагын бие даасан, үйл ажиллагааны хараат бус байдлыг сайжруулах, эрх хэмжээг нэмэгдүүлэх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэн шинэчлэх.” гэж тодорхой заасныг баримталсан.

-Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын гол өөрчлөлтүүд нь юу вэ?

-Хуулийн төслийн гол өөрчлөлтүүд гэвэл төрийн аудитын байгууллагын бие даасан байдлыг бэхжүүлсэн, төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх, нийтийн өмчийг зохистойгоор төлөвлөх, тайлагнах, ашиглах, зарцуулах үйл ажиллагаанд тавих хяналтын механизмыг тодорхой болгосон, аудитын үйл ажиллагааг олон улсын нийтлэг стандартад нийцүүлэн явуулах, төрийн аудитын байгууллагын албан хаагч аудит хийх үедээ мэдээллээр бүрэн хангагдаж түүндээ тулгуурлан хараат бус хөндлөнгийн дүгнэлт хийж зөвлөмж гаргах эрх зүйн боломж бүрдүүлсэн байгаа.

Түүнчлэн аудитын албан шаардлага, төлбөрийн акт заавал биелэгдэх, цаашлаад аудит хийх явцад гэмт хэргийн шинжтэй үйлдэл илэрсэн тохиолдолд холбогдох байгууллагад мэдэгдэж, эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулахаар тусгагдсан. Нийтийн өмч хөрөнгийг зүй бусаар зарцуулсан төрийн албан тушаалтны төрд учруулсан хохирлыг төлүүлэх үүргийн хэрэгжилтийг нийгмийн хяналтад оруулах, мэдээлэх боломжийг бүрдүүлсэн гэх мэт нийгэмд хүлээлт үүсгэж байсан чамгүй олон асуудлын зохицуулалт тусгагдсан. Төрийн аудит нь төсвийн хөрөнгийг захиран зарцуулж байгаа шат шатны төсөв захирагч нарын санхүүгийн болон бусад үйл ажиллагаанд хяналт тавьдаг тул бодит дүгнэлт гаргах чадвартай, өргөн мэдлэгтэй, өндөр ёс зүйтэй байхыг шаарддаг онцлог ажил.  Ийм ч учраас аудитор бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд эрх зүйн баталгаа зайлшгүй шаардлагатай. Албан үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулах аливаа дарамт, шахалт, хууль бус нөлөөллийн талаар нөлөөллийн мэдүүлэг хөтлөх эрх зүйн орчинг бүрдүүлэхээр төсөлд тусгасан нь энэ хуулийн томоохон өөрчлөлтийн нэг юм.

-Аудитын байгууллагын статусыг өөрчилж байгаа нь хамгийн гол өөрчлөлт гэж байгаа. Үндэсний аудитын газрыг Засгийн газарт (Сангийн яаманд) бус УИХ-д харьяалуулна гэсэн үг үү?

-Та энэ талаар зөрүүтэй ойлголттой явдаг хүн байна. Үндэсний аудитын газар нь Засгийн газрын бус, УИХ-ын харьяа байгууллагуудын нэг шүү дээ. Сангийн яам төсөв, санхүүгийн бодлогыг хариуцсан төрийн захиргааны төв байгууллага учраас зарим иргэд төрийн аудитын байгууллагыг Засгийн газрын бүтцийн тэр тусмаа Сангийн яамны дэргэдэх гэдэг ч юм уу буруу ойлголттой явдаг байж магад. Татвар төлөгчдийн мөнгийг зориулалтын дагуу үр ашигтай захиран зарцуулж  байгаа эсэхэд хөндлөнгийн хараат бус хяналтыг УИХ аудитын байгууллагаараа дамжуулан хэрэгжүүлдэг юм. Төрийн аудитын байгууллага УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг, удирдлага нь УИХ-аас томилогддог, хууль тогтоох байгууллагад дэмжлэг үзүүлдэг, төрийн бүх байгууллагад санхүүжилтийн эх үүсвэрээс нь үл хамааран аудит хийдэг байгууллага юм. Энэ байгууллагын эрх зүйн үндсийг тодорхойлсон Төрийн аудитын тухай хууль 2003 онд батлагдсанаас хойш 10 удаа нэмэлт, өөрчлөлт орж, анх батлагдсан хуулийн 58 хувь нь өөрчлөгдөж, хуулийн бүтэц, нэр томьёо, хэсэг, заалт хоорондын уялдаа алдагдсан.

Дэлхийн 195 орныг эгнээндээ нэгтгэсэн Аудитын дээд байгууллагуудын Олон улсын байгууллага гэж бий. Тэдгээр байгууллагуудын хамтарсан “Тунхаглал”-д хуулийн шинэчилсэн найруулгад шинээр оруулж буй зарчмууд хэдийн туссан байдаг юм билээ. Бид аудитын тогтолцоогоо олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн төрийн зохион байгуулалт, хяналтын тогтолцооны адил боловсронгуй болгож байна гэж ойлгож болно.

-Манай улс Оюутолгой болон бусад том төслүүдийн үйл ажиллагаа, санхүүгийн тайланд төрийн аудит хийх боломжийг энэ хууль олгох уу?

Төрийн аудитын байгууллагын эрхэм зорилго нь Улсын их хурал хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх болон төсвийн хөрөнгийн арвилан хэмнэлт, үр ашиг, үр нөлөөтэй байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх явдал. Өөрөөр хэлбэл, төрийн аудитын байгууллага нь төрийн бодлого, шийдвэрийн үр дүн, үр нөлөөг сайжруулахад туслан, Монгол Улсын хөгжил дэвшилд дэмжлэг үзүүлж, иргэд, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа явуулах ёстой байгууллага.

Оюутолгой гэх мэт олон улсын төсөл хөтөлбөрийн үйл ажиллагаанд аудит хийх бүрэн боломж бий. Хийж ч ирсэн туршлагатай. Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд энэ харилцааны зохицуулалтыг улам сайжруулах, хамгийн гол нь аудит хараат бүс, хөндлөнгийн нөлөөлөлгүй хийгдэх боломжийг бүрдүүлж өгнө. Хуулийн төсөлтэй хамт холбогдох бусад хууль тогтоомжид оруулах өөрчлөлтийн төслийг өргөн барьсан байгаа.

Үндэсний аудитын газраас “Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагаанд төрөлжсөн байдлаар аудит хийж байгаа. Гол нь Үндсэн хуулийн үзэл баримтлалтай нийцэж байгаа эсэх болон хуулийн төсөлд бичигдсэн төрийн санхүү, төсөв, нийтийн өмчийг зохистой төлөвлөх, хуваарилах, ашиглах, зарцуулахад тавих хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагын эрх зүйн үндсийг тавьснаар улс орны эрх ашиг, хөгжилд нийцсэн аудитыг төрийн нэрийн өмнөөс гүйцэтгэх болно. 

-Мөн газрын тос олборлодог, экспортолдог компаниудад манай аудитын байгууллага хяналт шалгалт хийх боломж бүрдэх үү?

-Аудит хийх бүрэн эрх хадгалагдана. Хараат бус бие даасан байдлыг хангаж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн төрийн аудитын зарчим стандартын тухай асуудал орж байгаа, мөн төслийн 12 дугаар зүйлд Улсын их хурлын шийдвэр, Монгол Улсын Үндсэн хуулийн хорин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Хянан шалгах түр хорооны шийдвэр болон хуульд заасан бусад үндэслэлээр аудит хийнэ гэж зохицуулсан байгаа.