2020.04.24

Б.Баттөмөр: Монголын төр бодлого гаргаж ажиллах хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.04.24\ нэгдсэн хуралдаанаар Ш.Раднаасэд гишүүний “Ноолууран эдлэлийн үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэхэд Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар” тавьсан асуулгын хариуг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан хариулав.

Шинэ төрлийн коронавирусийн энэ үед  ноолуурын салбарыг дэмжих зорилгоор ноолуур  бэлтгэх аж ахуйн нэгжид жилийн 3 хувийн хүүтэй 300 тэрбум төгрөгийн Хөгжлийн банкаар дамжуулан авч байгаа аж. ХХААХҮЯ-ны зөвшөөрөлтэй 10 гаруй компани 2000 гаруй тонн ноолуур худалдан авах гэрээ  байгуулан ажиллаж байгаа  аж. Дараагаар нь гишүүд  асуулт тавьж, хариулт авав. 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: 

Ноолуур бол манай стратегийн гол бүтээгдэхүүнүүдийн нэг. 10 мянган тонн ноолуур байгаа. Дааж давшгүй томоор төсөөлөөд бэрхшээл яриад байх шаардлагагүй. Монголын төрд төрийн бодлого, төрийн зохицуулалт, хөгжлийн бодлого байхгүй болсны илрэл. 10 мянган тонн ноолуур байлаа гэхэд нэг их наяд төгрөг хэрэгтэй. Нэг их наяд төгрөг 350 сая доллар. Ийм хэмжээний хөрөнгө гаргаад шийдээд эцсийн бүтээгдэхүүн хийдэг бодлого Монголын төрд байж болохгүй юм уу. 

30 жилийн хугацаанд Монголын төрд орхигдсон нэг зүйл бол Худалдааны бодлого. Худалдааны хууль байдаггүй. Дэлхийд худалдааны хуульгүй улс Монгол л байх. УИХ дээр худалдааны хууль 3 хэлбэрээр өргөн баригдсан байдаг. Хэлэлцдэггүй яагаад хэлэлцдэггүй гэдэг учир нь олддоггүй. Үүнтэй холбоотой ноолуурын асуудал хүндэрсэн. Гадны хөрөнгө оруулагчид орж ирээд үйлдвэр байгуулаад энэ асуудлыг шийднэ гэж байхгүй. Монголын төр бодлого гаргах хэрэгтэй.  

Түүний асуултад УИХ-ын гишүүн Ч.Улаан хариуллаа.