Цөмийн эрчим хүчний боловсруулалтаас ялгарсан хаягдлын саармагжуулалтын асуудлыг шийдэж чадсан нэг ч улс дэлхийд байхгүй
2009.07.08

Цөмийн эрчим хүчний боловсруулалтаас ялгарсан хаягдлын саармагжуулалтын асуудлыг шийдэж чадсан нэг ч улс дэлхийд байхгүй

Их гүрнүүд, түүнийг дагаад хөгжингүй бусад улс орон хямд зардалтай эрчим хүчний эх үүсвэр болох цөмийн эрчим хүчний хяналтыг гартаа атгасаар ирсэн. Тэдний тайлбарлаж буйгаар арван кг ураны боловсруулалтаар хоёр сая орчим хүн, амтай хот, сууринг бүхэлд нь эрчим хүчээр хангах хамгийн хямд бөгөөд байгаль орчинд хоргүй, шилдэг шийдэл хэмээжээ.

Эрчим хүчний хүртээмж, түүний зарцуулалтын хувь хэмжээний хувьд энэ нь бодит байх боловч цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлтийн зардлын дөчийн хувь нь хаягдалын зохицуулалтад (Waste management) зориулагддаг тул цөмийн эрчим хүчийг хямд гэж үзэх нь том эндүүрэл.

Үйлдвэрлэл:

Ураныг боловсруулахад цөмийн цацраг идэвхжиж цельсийн 1000 градус, түүнээс дээш ч хэмд хүрдэг байна. Боловсруулалтаас ялгарсан өндөр хэмжээний халуунаас үүсэх агаарын даралтыг хүйтэн усаар хөргөж /каналаар дамжуулан/, халуун хүйтний огцом даралтаас үүсэх хийг ашиглан тухайн технологит суурьлуулсан дамар эргэлдэж байнгын хөдөлгүүр үүсгэдэг. Энэ дамарын эргэлтээс эрчим хүч гарган авдаг юм байна. Хүйтэн ус халуун агаарт ууршиж, үүссэн их хэмжээний уурыг агаар, мандал руу гадагшлуулдаг байна. Уранаас идэвхжих энэ их халууныг зөвхөн голын, эсхүл газрын гүний усаар хөргөдөг.

Монгол улс, хуурай уур амьсгалтайн дээр усны хэмжээ хомс, цөлийн бүс нутгийн хэмжээ тэлсээр байгаа. Тэрчлэн гол, горхи ширгэж, ой мод ихээр сүйдсэнээс ундны усны нөөц хэмжээ хэт багасаж байна. Хүн ам цөөн, дээр нь суурин бус тархмал байдлаар аж төрж байгаа нь усны асуудал хэр хэмжээний эмгэнэлт байдалд хүрсэнийг үл анхаарахад хүргээд байна. Зөвхөн Улаанбаатрын хүрээнд л алдаг, оног анхаарал хандуулсаар ирэв.

Нөхцөл байдал ийм байхад цөмийн эрчим хүчний байгууламжийг бүрэн ажиллуулах тэр их ус хаана байгаа юм бол? Байлаа гэхэд хэдий хэмжээний нөөц тогтоогдож байгаа вэ? Зөвхөн 1 кг уран боловсруулахад хэдэн куб метр ус шаардлагатай гэдгийг төсөөлөхөөс ч аймшигтай. Эрчим хүчтэй болохын тулд усгуй болох уу? Бусад улс орон 10 – 20 жилээр ярьж байж шийддэг асуудлыг манай универсалууд 2 – 3 – хан долоо хоногт шийдэх гээд шахамдуулаад байгааг юу гэж үзэх вэ? Бидэнд сонголт хийж амьд гарах бололцоо байна уу?

Хаягдал:

Уран байгал дээр түүхийгээрээ байхдаа төдийлэн хор хөнөөлтэй биш. Түүнийг боловруулсаны дүнд ялгаран гарах /радиоактив/ цацраг нь хүн төрөлхтөнд хамгийн аюул заналтайг бид мэдэж байгаа. Гэтэл өнөөдөр урааны шаарыг сармагжуулах шийдэлийг олсон ганц ч улс, орон байхгуй. Яг өнөөдрийн байдлаар уранаас ялгарсан шаарыг хэдэн давхар үетэй ган цутгамал баллонон контейнерт хийж, хөрсний бүх үе, давхрагаас доошоо буюу доод тал нь 500 метрийн гүнд тухайн контейнерүүдийг булан орхиж байна. Хэдийгээр өнөөдрийн байдлаар газарт булшилсан урааны хаягдлаас цацраг ялгарсан гэж тогтоогдоогүй ч тогтоох ямар нэгэн арга хэрэгсэл гэж үгүй. Тийм бололцоог цөмийн эрчим хүч үйлдвэрлэгч ямар ч улс орон олгохгуй байгаа. Тэгсэн хэр нь булшилсан ураны шаар ямар нэгэн хохирол учруулахгуй гэдэгт тэдгээр улс орнуудын аль нь ч ямар нэгэн баталгаа гаргаж өгөхөөс татгалзсаар байна. Газрын гүнд булсан тэдгээр контейнерүүд нь газар хөдлөлт, чичиргээ зэрэгт гэмтэж, ан цав үүсэн цацраг идэвхийн хорыг алдахгуй гэх ямар ч баталгаа алга гэсэн үг.

Өнөөгийн нөхцөл байдал:

Европын ихэнх улс, орнуудын олон нийт, иргэний байгууллагууд ураны шаарыг газрын гүнд булшлахын эсрэг хүчтэй тэмцэл өрнүүлж байгаагийн гол шалтгаан нь урааны шаарыг саармагжуулах ямар ч арга хэрэгсэлийг орчин үеийн шинжлэх ухаан нээж чадаагүй байгаад оршиж байгаа юм. Саармагжуулах аргыг олох хүртэл урааны шаарыг зөвхөн тодорхой туршилтын төслийн ажлын хүрээнд хамгаалалттай бүсэд булшилж байгаа ч тухайн хамгаалалттай бүсэд цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлтээс ялгарсан ураны шаарыг булсаар байгаад булшлах газрын нөөц нь дууссан байна. Иргэдийн хүчтэй эсэргүүцлийн улмаас ураны шаарыг булшлах газар нэмэн олгох боломжгүй байгаа тул хөгжил дорой бусад бүс нутагт ураны шаарыг булах асуудалд анхаарал хандуулж, их хэмээний төсөл, мөнгө зарцуулах болжээ. Жишээ нь: Францын Арива компани ОХУ-тай 100 жилийн гэрээ байгуулж ураны шаараа Орос руу экспортлон булшилж байна. Тэрчлэн Украин, Узбекистан зэрэг улсад энэ төрлийн гэрээ, хэлцэл хийхийн тулд олон жилийн турш, янз бүрийн төсөл, хамтын ажиллагаа нэрээр тандалт, судалгаа явуулсаар байна.

Эрчим хүчний экспортоороо дэлхийн зах зээлд хэдийнээ хүчтэй байр суурьтай болсон, дотоодынхоо хэрэгцээний 70 илүү хувийг хангаж байгаа хэдий ч цөмийн хаягдлын менежемент ийм өндөр зардлаар хийхэд хүрч байгаа тул эрчим хүчний хэрэглээний өртөг европын орнуудад маш өндөр хэвээр байгаа билээ. Цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлтийг 50-60 жил эрчимтэйгээр хөгжүүлэх энэ хугацаанд ураны шаарыг саармагжуулах аргыг одоо хэр олж чадаагүй байгаа эдгээр улс, орон энэ байдлаа үл харгалзан уран боловсруулсан хэвээр л байна. Гол асуудал нь эрчим хүч гаргах бус ураны шаарыг хадгалахад хамгийн их бэрхшээл, мөнгө санхүү шаардагдах болов. Дээрх шаарыг газрын гүнд нэмэж булсаар байх уу, хэдий хугцаагаар хадгалах вэ, ямар эрсдэл гарах вэ, ураны шаарыг саармагжуулах аргыг хэзээ ч олохгуй бол яах ёстой вэ? Эдгээр асуулт өнөөдрийг хүртэл хариу нэхсээр…

Хардлага:

Өөрсдийнхөө ураны хаягдлын менежементыг гадны улс, орнуудаар явуулдаг Орос улсын Цөмийн энергийн технологи, шинжлэх ухаан хөгжсөн өнөө цагт хэт хуучирсанд тооцогддог. Бид яагаад ийм хуучин технологит суурьлаж Атомын ЦТС байгуулах гээд байна вэ? Хуурай газаргүй болсон Японы ЗГ-тай Орос Улс чухам ямар тохиролцоо хийгээд ирэв? Японы цөмийн эрчим хүчний боловсруулалтын хаягдал хаашаа явдаг вэ? Хэрэв 2 болон түүнээс дээш улс, орон ураны хөтөлбөрт хамтран оролцвол тухайн улс, орнуудын эдийн засгийн үндсэн сонирхол юу байх вэ? Франц гэхэд л дэлхийн 60-аад оронд ураны олборлолт явуулж байна. Мөн хэд хэдэн улсад ураны шаараа гарган булж байгаа ч мөн л өөр бусад орон руу гаргах гарцаа хайсаар байна. Тэдний Монголд явуулах ажиллагааны зорилго юу вэ?
Усны нөөцгүй шахам Монгол улсад Цөмийн эрчим хүчний үйлдвэрлэл явуулах бодит боломж хэр юм бол? Боломжтой юм бол Атомын ЦТС байгуулах өртөг нь ямар байх вэ? Хүний мөнгөөр босгосон Атомын ЦТС-ийн барьцаанд бид юутай үлдэх бол? Ураны хаягдал шаарыг хадгалах хамгаалалттай бүсээс хамаараад онгон, дагшин нэрээрээ брэнд болсон Монголын аялал, жуулчлал ямар хэмжээний хор, хохирол хүлээх бол? Дэд бүтэц тэр чигээрээ унасан өнөөгийн нөхцөл байдалд үйлдвэрээс урааны шаарыг тээвэрлэх боломж бүрдсэн үү? Бид ямар эрсдэл хүлээх вэ?
Энэ мэтэчлэн хязгааргүй олон асуултууд урган гарч байхад манай ЗГ, УИХ яагаад шал өөр юм яриад сууна вэ? Гадны дээрэмчдийн хатуу тоглоомонд Монголын дээрэмчид оролцоход хэтэрхий жулдмаар. Ямар юмаар дэнчин тавьж байгаагаа мэдэх хүртлээ тэр тоглоомын дүрмийг нь судлаж үзээсэй.
Энэ бүхнийг зүгээр харж төвдөхгүй болсон энгийн нэгэн иргэн ногоон хөдөгөөнүүдэд найдах л үлдээд байна даа. Та бүхэн дуу хоолойгоо нэгтгэн, олон нийтийн нүдийг нээж, энэхүү ноцтой асуудалд ард түмний анхаарлыг хандуулах бол чадах бүхнээрээ дэмжин туслах иргэний зориг надад бий.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.