Катарын хойг дахь Катар Улс
2009.08.11

Катарын хойг дахь Катар Улс

Ази тивийн баруун өмнөд хэсэгт, Персийн булангийн Катарын хойгт орших хойгийнхоо нэрээр нэрлэгдсэн 11437 хавтгай дөрвөлжин метр квадрат газар нутагтай, дэлхийн хамгийн баян орны нэг бол Катар улс юм. МЭӨ 3000 орчим жилийн өмнө эртний Финикчүүд амьдран сууж байсан Катарын хойгийг эртний Герегийн газар зүйчид, Ромын түүхчид, Арабын эрдэмтэд Катала Каталар Каталия гэж түүх сурвалжид тэмдэглэж байсан нь хувирсаар өнөө Катар гэгдэх болжээ.

Одоо 885 мянган хүн амтай. Нэг хавтгай дөрвөлжин метр квадрат газар нутагт дунджаар 60 хүн ногддог.Түүхэндээ удаа дараалан эртний Араб, Ираны хаант улсын нэг хэсэг байсан Катарт МЭ VII зуунаас ислам шашин дэлгэрснээр өнөө хүн амын 95 хувь нь мусульманы суннит урсгалын ваххаби шашныг шүтдэг.


1517 оноос Португаль, Османы эзэнт улс, Перс буюу Ираны ноёрхолд, 1882 оноос Английн асрамжийн орон болон түүхийн их нугачааг туулсан Катар улс 1971 оны есдүгээр сарын 1-нд тусгаар тогтносон, бурэн эрхт улс болсноо дэлхий дахинаа зарласан байна.
Үндэсний баяраа жил бүрийн есдүгээр сарын 1-нд тэмдэглэдэг. Тусгаар тогтноод 35 жил болж буй Катар нь (Тhe State Qatar) хаант засаглалтай улс бөгөөд тус улсад улстөрийн нам, бус байгууллагын үйл ажиллагааг хориглодог.

Хуурай зам, далайн, агаарын цэргийн хүчинтэй 11800 сайн дурын цэргийн албан хаагчидтай, АНУ, Англи, Францын орчин үеийн зэв зэвсэглэлээр хангагдсан, эдгээр гурван оронтой цэргийн хамтын ажиллагааны гэрээтэй. Эртнээс Катар улс Персийн булангийн их хөлийн зах зээл, сувд олборлодог бүс нутаг болсоор ирсэн ба Доха, Умм Саид зэрэг томоохон боомтод өдөр бүр хэдэн зуун хөлөг онгоц хэдэн мянган далайчид бөөгнөрч байдаг.

Тус орны газар нутаг бараг бүхэлдээ чулуурхаг цөл газар, хөрс шороо нь үржил шим муутай, гадаргын усны нөөц хомс, жилд орох хур тунадасны хэмжээ тун бага байдгаас хөдөө аж ахуй, газар тариалангийн хөгжил тааруу.

Хүнсний ногоо жимс, мах, өндөг сүү зэрэг хүнсий гол бүтээгдэхүүнээ гаднаас импортоор авдаг, загас хясаа зэрэг далайн бүтээгдэхүүнээр үндсэндээ өөрийгөө хангадаг Катарчууд үхэр, хонины мах голлон иддэг, бүхэл хонины шарсан мах, таван цулын будаатай хуурга, малын мөч мах, шарсан загас, наргилын чавга, усан үзэмтэй хуурсан будаа идэж, хар цай, кофе уух дуртай ажээ. Исламын орнуудын нэгэн адил архи уух, гахайн мах идэхийг цээрлэдэг. Катарын Засгийн газар тариачдад үрийн будаа, бордоо, хөдөө аж ахуйн машин техникийг үнэгүй олгох бодлого явуулж ард иргэдийнхээ мод тарих санаачилгыг хөхүүлэн дэмжиж, хагалсан газрыг өргөтгөхөд ихэд анхаарч байна.

Хувийн хэвшлийг дэмжих болон нээлттэй Засгийн газрын бодлого баримталдаг Катарын эдийн засгийн өсөлт жилд 8,8 хувь (2005) байдаг ба нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн нь 28300 ам доллараас давдаг дэлхийн толгой баян орны нэг юм.

Батлан хамгаалах жилийн төсөв нь ДНБ-ий 10 хувь буюу нэг тэрбум ам.доллараас давдаг ч нийгмийн төлбөргүй, бүх шатны боловсролыг үнэ төлбөргүй олгодог төдийгүй сурагчдад ном сурах бичиг, соёлын бараа, өмсөх хувцсыг нь ч улсаас хангадаг, амжилттай сайн сурсан оюутныг гадаадад сургах тэтгэмж олгох зэргээр урамшуулдаг. Хүн амын дундаж наслалг эмэгтэйчүүд 76, эрэгтэйчүүд 71 хүрдэг байна.

Засаг захиргааны хувьд есөн хоттой. Хотуудыг хооронд нь 900 км урт засмал замын сүлжээгээр холбосон бол нийслэл Дохагийн олон улсын нисэх онгоцны буудлаас Ази, Европын 17 шугамд өдөр тутам нислэгтэй байдаг. Манайхаас таван цагийн зөрүүтэй Катар нь өөрийн риал гэдэг мөнгөн тэмдэгттэй Нийслэл Доха хот цэвэрхэн, амар тайван, өдрөөс өдөрт цэцэглэн хөгжиж, дэлхийн олон орны аялагч жуулчдын сонирхлыг татсаар буй байгаль, соёл иргэншлийн үзэмж хосолсон газар юм.

Катарчууд халуун дотно зочломтгой зантай нь арабчуудын онцлог, тэдний уламжлалт ёс билээ. Морь, тэмээ унах дуртай, гадаадын зочдыг машид хүндэтгэдэг. Зочдоо кофегоор дайлах дуртай. Өвөрмөц зан үйлтэй, катарчууд арабын уламжлалт хувцсаа өмсөхөөс гадна залуучууд нь нэлээд нээлттэй. Эмэгтэйчүүд нь алтан ээмэг, бөгж зүүх дуртай, богино банзал өмсөхийг, тэр байтугай гадаадынхан өмсөхийг ч хориглодог. Эмэгтэй хүн танихгүй хүнтэй холбоо тогтоохыг цээрлэдэг заншилтай.

Гадаад бодлогын хувьд төвийг сахисан, эвсэлд үл нэгдэх бодлого явуулж Исламын орнуудын эв нэгдэл. хамтын ажиллагааг бэхжүүлэх, сайн хөршийн найрсаг харилцаатай байхыг эрмэлздэг. Монгол Улс Катар улстай 1998 оны нэгдүгээр сарын 21-нд албан ёсны дипломаг харилцаа тогтоож, Элчин сайд нараа солилцсон бөгөөд хоёр орны хооронд эдийн засаг, худалдаа. техникийн хамтын ажиллагааны хэлэлцээр, хөрөнгө оруулалт, давхар татварын хэлэлцээр, мал эмнэлэг, ургамал хамгаалал. хорио цээрийн хэлэлцээр байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.