Энэтхэгт нам байгуулах нь хамгийн хэцүү...
2010.03.26

Энэтхэгт нам байгуулах нь хамгийн хэцүү...

Нэгэнтээ байгуулагдсан улс төрийн намыг хэрхэн яаж бүртгүүлдэг вэ. Нам байгуулж бүртгүүлэхэд юу юу шаарддаг вэ. Энэ үйл ажиллагаа лс орон бүрт нэг мөр байдаг боловч бас өөр өөрийн онцлоготой байх юм. Ер нь бол нам бүртгүүлэх үйл ажиллагааг институтжих (нийгэмжих) гэдэг байна. Нэг ёсондоо хууль эрх зүйн хүрээнд албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөж нийгэмд хөл алхаж байна гэсэн үг. 

Манайд бол улс төрийн намыг Дээд шүүхэд бүртгэдгийг хэн хүнгүй мэдэх байх. Мэдэхгүй ч хүн бий байх. Тэгвэл Герман, Итали, Франц, Грек, Испани, Португал, Бразил зэрэг улсад Намын үйл ажиллагааг санхүүжүүлэх тухай хуулийн дагуу, Австри, Швейцарь, Финланд, Японд Сонгуулийн тухай хуулийн хүрээнд, АНУ, Мексикт манайх шиг шүүхийн шийдвэрээр буюу Дээд шүүх нь бүртгэж зөвшөөрөл олгоснор статусыг нь баталгаажуулдаг байна. Энэ бүх үйл ажиллагаа мэдээж тухайн улс бүрийн Үндсэн хуулийн хүрээнд явагддаг.
Бүртгэл: Намыг бүртгэхдээ заавал буюу албан ёсоор, эсвэл сайн дурын буюу чөлөөт байдлаар “шийддэг” байна. Жишээ нь, Их Британи болон Шинэ Зеландад улс төрийн намыг заавал бүртгэдэггүй. Үүнийг иргэдийн хувийн үйл хэрэг хэмээн ойлгож, чөлөөт нэгдлийн үндсэн дээр хэрэгжиг, нам өөрийнхөө дүр төрхийг тунхаглаж түүгээрээ оршин тогтног гэж үздэг байна. Гэхдээ чөлөөт байдлыг эрхэмлэсэн энэ либериал үзэл эдүгээ цагт хуучин уламжлалтайгаа хамт хумигдсаар байна. Үүний оронд улс төрийн намыг заавал бүртгэж байх эрх зүйн акт бүхий тогтолцоо ноёлох болжээ. Энэ нь дотроо бас янз бүр. Испани, Итали, Францад намыг Дотоод хэргийн яам нь, Бельги, Нидерландад (Голланд) Хууль зүйн яам нь, АНУ-ын Миссури мужид мужийн Төрийн нарийн бичгийн газар бүртгэдэг бол Португали, Бразилд манайх шиг шүүхийн шийдвэрээр Дээд шүүх нь бүртгэдэг байна. Энэтхэг, Мексик, Швейцарьт сонгууль явуулахын тулд байгуулагдсан байгууллагууд бүртгэдэг байна. Харин намыг татан буулгахад Герман, Франц, Португалид шүүхийн шийдвэрээр, Унгарт Үндсэн хуулийн хүрээнд, Германд Хууль зүйн яам, Швейцарьт тусгай бүртгэлээс хасагдсан нөхцөлд тухайн улс төрийн намын статусыг цуцалж хүчингүй болгодог байна.

Шаардлага:
Никарагуа улсыг эс тооцвол дэлхийн ихэнх улс оронд улс төрийн нам байгуулахад урьдчилсан зөвшөөрөл аваад байдаггүй, шаарддаг ч үгүй байна. Хууль ёсны зөвшөөрөл бүхий статус авахын тулд албан ёсоор бичсэн материал шаардлагатай нь мэдээж. Энд тухайн намын нэр, бэлэг тэмдэг багтдаг. Ингэхдээ тэдгээр нь тухайн орны төр, шашны бэлэгдэлтэй адил бус байхыг урьдчилан сануулдаг байна.

Нам байгуулж, бүртгүүлэхэд аль ч улс оронд нэг голлодог зүйл нь тухайн намын гишүүд болон дэмжигчдийн тоо байдаг. Ихэнх улс оронд үүнийг харгалзан бүртгэдэг. Үүгээр үзэх юм бол Швейцарьт сонгогчдын 1,5 мянгаас доошгүй гарын үсэг цуглуулах шаардлагатай байдаг бол Португалид 5 мянган сонгогчийг төлөөлсөн байх үүрэгтэй. Эдгээр нь тухайн улсын сонгогчдын буюу сонгуульд оролцож санал өгөх насны нийт хүмүүсийн тоотой харьцуулсан хувь юм.
Тухайлал, АНУ-ын 20-иод муж улсын хууль тогтоох байгууллага намуудаас сонгогчдын ерөнхий тооны хувиар илэрхийлсэн тодорхой тооны гарын үсгийг шаарддаг байна. Жишээ нь, өмнөд Дакотад энэ тоо 10 хувь байдаг бол Миннесотад 5 хувь байдаг. Ингэхдээ муж улсын түвшинд тухайн намын гишүүн- ямар нэг албан тушаалтан сүүлийн сонгуульд нэр дэвшиж ялсан, эсвэл бүх нэр дэвшигчдийн төлөө санал өгсөн хүмүүсийн хувиас хамааран бүртгэдэг байна. Эдгээр нь сонгогчдын төлөөлөл болохоос биш манайх шиг хатуу гишүүнчлэлтэй улсынх шиг намын гишүүдийн тоог хэлж байгаа юм биш. Учир нь барууны орнуудад намын гишүүнчлэл гэж бараг байдаггүй, зөвхөн дэмжигчид байдаг.

Тиймээс тэнд намын гишүүдийн тоог харгалздаггүй. Харин яс гишүүнчлэлтэй орнуудын хувьд Унгарт нам бүртгүүлэхэд гишүүн-үүсгэн байгуулагчдын тоо 1000 байх ёстой байдаг аж. Мексикт энэ тоо 65 мянгаар хэмжигддэг байна. Энэтхэг бүр хэцүү, шат дараалсан том шаардлагатай. Энд нам бүртгүүлэхэд эхлээд бүс нутгийн статус авдаг. Дараа нь нийт үндэсний хэмжээнд зөвшөөрөгдөхөд нийт сонгогчдын 4 хувийн саналыг авсан байх ёстой. Ингэхдээ 5-аас доошгүй жил улс төрийн үйл ажиллагаа явуулсан байх гэх мэт хэрэгтэй. Ингэж байж тухайн нам Энэтхэгийн  4 муж, бүс нутгийн бүртгэлтэй болж байж нийт Энэтхэгийн хэмжээнд намын статусаа сая нэг юм төвөггүй авдаг байна. Герман, Португал, Бразил зэрэг оронд нам бүртгүүлэхэд маш их баримт материал гаргаж өгөх ёстой. Үүнд намын дүрэм, мөрийн хөтөлбөр, өргөдөл, санхүүгийн болон хөрөнгийн зарцуулалт, намын бүрэлдэхүүн зэрэг ордог байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.