С.Эрдэнэ: АН ялбал Р.Амаржаргалыг Ерөнхий сайд болгоно
2020.06.15

С.Эрдэнэ: АН ялбал Р.Амаржаргалыг Ерөнхий сайд болгоно

Ардчилсан намын удирдлагууд өнөөдөр /2020.06.15/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Ардчилсан намын дарга С.ЭРДЭНЭ:  "Монгол Улсын төрийн эрхийг барих дээд байгууллага УИХ-ын ээлжит найм дахь удаагийн сонгуулийн сурталчилгааны  ажил ид дундаа явж байна. Ардчилсан намын хувьд сонгуулийн үйл ажиллагаагаа  амжилттай зохион байгуулж байгаа. Ардчилсан намаас 21 аймаг, есөн дүүрэгт өрсөлдөж буй нэр дэвшигчдийн хувьд одоогоор ямар нэгэн хууль зөрчсөн үйлдэл гаргаагүй. Бид энэ удаагийн  сонгуульд анхнаасаа амжилттай оролцох зорилго тавьсан. Зорилтоо ч биелүүлнэ.
Улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгааг бид мэдэж байгаа. Харамсалтай нь өнөөгийн эрх баригчид сонгуульд бүх хүчээ хаяад нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг орхигдуулаад байна. Улс оронд ямар ч нөхцөл байдал үүссэн бай Засгийн газар хэвийн үйл ажиллагаагаа явуулж, бүрэн эрхээ хэрэгжүүлэх чиг үүрэгтэй. Хар тамхины асуудлаас болж олон улсын эдийн засгийн хоригт орсон. Монгол Улсын  гадаад нэр хүнд туйлын хүнд байна.
Энэ удаагийн сонгуульд Ардчилсан нам  олонхи болох нь ойлгомжтой гэж харж байна. Монгол Улсын шинээр бүрдэх Засгийн газрын  бүрэлдэхүүнийг энэ долоо хоногт багтааж зарлахаар төлөвлөж байгаа. Монгол Улсын нийгэм, эдийн засаг онцгой нөхцөл байдлын түвшинд байгаа энэ нөхцөлд Монгол Улсын  Ерөнхий сайдын хүндтэй, хариуцлагатай  үүргийг хэн авч явж чадах вэ гэдэг асуудлыг удирдах бүрэлдэхүүний түвшинд ярилцаж, шийдвэрлэсэн. 
Ардчилсан нам олонхи болсон тохиолдолд Р.Амаржаргалыг дараагийн ерөнхий сайд болох асуудлыг дэвшүүлэхээр албан ёсны шийдвэр гарсныг хэлье. 
Монгол Улсын найм  дахь удаагийн сонгуулиар олонхи болсон тохиолдолд дараагийн Ерөнхий сайдаар Р.Амаржаргал ажиллана.
Харин Ардчилсан намын дэд дарга Р.АМАРЖАРГАЛ: 
"-Ардчилсан намын удирдлага, намын гишүүдээр дамжуулж, иргэдээр дамжуулж АН-д асар их итгэл хүлээлгэж байгаа гэж ойлгож байна. АН-аас хүлээлгэж байгаа энэ их итгэл найдварыг нэр төртэй биелүүлэхийн төлөө чармайн ажиллах болно. Ний нуугүй хэлэхэд би энэ мэдээг сая сонслоо. Үүссэн нөхцөл байдал, тодорхой асуудлаар ойрын үед байр сууриа илэрхийлнэ." гэв.