2020.07.08

Ж.Мөнхбат: Сайд нар УИХ, Байнгын хороодтойгоо нягт уялдаатай ажиллаарай

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.07.08\  нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүн, сайд томилох асуудлыг  хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

“Шинээр сонгогдож байгаа сайд нарт баяр хүргэе. Олонхи болж, 62 суудал авсан МАН-ын мөрийн хөтөлбөрийн биелэлтийг энэ сайд нараас шахаж, шаардах нь энэ УИХ-ын гишүүдийн зүй ёсны зүйлээ. Жишээ нь А.Ариунзаяа сайд болоод “Хуримтлалтай хүүхэд” хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байна. Үүнийг хамгийн түрүүнд хийх ёстой. Барилгын сайд сумын төвийн шинэчлэлийг хийх хэрэгтэй байна. Дулааны станцын асуудал бий. Малын гаралтай түүхий эдийн үнийг нэмэгдүүлэх тал дээр малчид хамгийн их дэмжиж байгаа ажил бол МАН-ын мөрийн хөтөлбөрт суусан Дарханы арьс шир боловсруулах үйлдвэрийг яаралтай ашиглалтад оруулж, малын түүхий эдийг үнэд оруулах тал дээр салбарын сайд анхаараарай. Би энэ тал дээр лобби бүлэг байгуулан ажиллана.

ЭМ-ийн сайд болох Мөнхсайханд хандаж хэлэхэд “Хавдрын эсрэг хамтдаа” аян хэрэгжинэ. Энэ хүрээнд хавдрын аюулгүй Архангай хөтөлбөрийг ажил хэрэг болгоно. Энэ тал дээр анхаарч ажиллаарай. Бид ажлын хэсэг гарган ажиллах болно.

Өмнө нь сайд нар УИХ, Байнгын хороодтойгоо хамтарч ажиллаагүйгээс болж, ажил нь унадаг тохиолдол гардаг. Ингэж болохгүй. Хамтран ажиллах ёстой.  УИХ-ын өмнө тайлагнах үүрэгтэй.

Мөн ЗГ, УИХ-д ажиллаж үзээгүй хүмүүс сайд болоод салбарын яаман дээрээ очоод асар их халаа сэлгээ хийдэг. Мөрөөрөө ажлаа хийж байгаа төрийн албан хаагчдийг ингэж бужигнуулж болохгүй шүү. Төрийн албаны шинэ хуулиа баримтлан ажиллаарай.”