Я.Содбаатар: 10 мянга гаруй иргэнийг нэг сард бүгдийг нь татан авах боломжгүй
2020.07.18

Я.Содбаатар: 10 мянга гаруй иргэнийг нэг сард бүгдийг нь татан авах боломжгүй

Хилийн чанадад байгаа 10 мянга гаруй иргэнээ нэг сард багтаан бүгдийг нь татан авах боломжгүй хэмээн Шадар сайд Я.Содбаатар өчигдрийн хэвлэлийн хурлынхаа үеэр мэдэгдсэн юм.

Сүүлийн өдрүүдэд эх орондоо ирэх хүсэлтэй байгаа монголчуудыг нэг сарын дотор багтаан татан авна гэсэн ташаа мэдээлэл түгээд байгаа юм. УОК-оос хүсэлт гаргасан иргэдээ аль болох богино хугацаанд эрчимтэй татаж авахаар ажиллаж байна. Ингэхдээ, наймдугаар сараас татан авах ажиллагааг нэмэхээр зорьж байгааг Шадар сайд мэдээллийнхээ үеэр тэмдэглэсэн. Гэхдээ татан авах ажлыг ХӨСҮТ болон тусгаарлах байрны хүлээн авах чадварт нийцүүлнэ гэдгийг тодотгосон юм. 

Өнөөдрийн байдлаар, дэлхийн 55 улсаас 10 513 Монгол Улсын иргэн эх орондоо ирэх хүсэлтээ УОК-ын шуурхай штабт албан ёсоор гаргасан. Тэдний 1800 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 740 өвчний магадлагаатай, 797 нь өндөр настан, 240 гаруй нь жирэмсэн, 1553 нь оюутан, 131 нь богино хугацааны визээр сургалтад хамрагдсан насанд хүрэгч, 13 нь хүүхэд  бусад 4300 гаруй иргэн байна.