Курманбек Бакиев  эцэг эхээсээ зөрөн байж хайртай бүсгүйтэйгээ гэрлэжээ.
2010.12.27

Курманбек Бакиев эцэг эхээсээ зөрөн байж хайртай бүсгүйтэйгээ гэрлэжээ.

Үйлдвэрийн ажилтнаас Ерөнхийлөгч


Киргизийн Ерөнхийлөгч асан Курманбек Бакиев 2010 оны дөрөвдүгээр сард тус улсад төрийн эргэлт гарсны дараа албан тушаалаасаа сүр дуулиантайгаар буусан билээ. Тэрээр 2005 оны хавар гарсан «Алтанзул цэцгийн хувьсгал»-ын үеэр тухайн үеийн Ерөнхийлөгч Аскар Акаевыг огцруулан гарч ирсэн юм.

Курманбек Салиевич Бакиев 1949 оны наймдугаар сарын нэгэнд Жалалабад хотын Сузакск дүүргийн Масадан тосгонд төрж, өсч торнижээ. Улмаар 1972 онд Куйбышевскийн (одоогийн Самар) Политехникийн дээд сургуулийг төгсч, тэндхийн загас-ны үйлдвэрээс ажлын гараагаа эхэлсэн аж. 1985 оноос Кок-Янгак хотын «Профиль» үйлдвэрийн даргаар ажиллаж байгаад 1990-ээд оны эхээр намын ажилд оролцож эхэлсэн байна. Ингээд тус хотын намын хорооны нарийн бичгийн даргаас авахуулаад Киргизийн Ерөнхийлөгч хүртэл төрийн албаны бүхий л шат дамжлагыг дамжжээ. Өөрөөр хэлбэл ЗХУ задран унах хүртэл Киргизийн нам болон төр захиргааны төрөл бүрийн үүрэгт ажилд томилогдон ажилласан байна.

Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн эхнэр Татьяна нь ярилцлага өгөхдөө " Би одоо л ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний хөндлөнгийн хүмүүсийн нүднээс эхнэр, хүүхдээ хол байлгах гэсэн хүсэл тэмүүллийг ойлгож, хүндэтгэж байна. Түүнд оюутан охидоо нуух маш хялбархан. Гэтэл манай нөхрийн хувьд байдал хүнд байна. ажил амьдрал нь амжилттай яваа насанд хүрсэн хоёр эрийг яаж нуух билээ" хэмээсэн юм.

Охидоос ичингүйрсэн оюутан нас

Курманбек Бакиевын залуу нас Самарт өнгөрчээ. Тэрээр энд Политехникийн дээд сургуульд сурч байхдаа насныхаа ханьтай учирсан аж. Бакиев ирээдүйн эхнэр Татьянатайгаа галт тэрэгний буудал дээр танилцсан гэнэ. Ферганаас ирж буй найз бүсгүйгээ тосон зогсч байсан Татьяна бүсгүй Бакиевын анхаарлыг ихэд татсан гэдэг. Мань эр ч сэргэлэн загнаж, галт тэрэгнээс тээшээ буулгахад нь бүсгүйчүүдэд тусалсан юм байх. Тэр учралаас хойш хэсэг хугацааны дараа тэд сургуулийн спорт танхимд таарчээ. Ингээд л залуу хос хаа ч явсан хамтдаа байх болсон гэдэг. Бакиевыг анхны харцаар .дурласан гэхэд эргэлзэх зүйл-үй. Учир нь Татьяна сэтгэл татам сайхан төрхтэй, асуудалд нухацтай ханддаг ч тун эелдэг зантай бүсгүй байжээ. Бакиев ч нуруулаг, хүдэр чийрэг биетэй, ер нь хүний нүдэнд тусахаар давгүй залуу төдийгүй өмнөд нутгийн бусад залуусаа бодвол оросоор аялгагүй ярьдаг байв. Охид ч түүнд талтай байсан бөгөөд лекцэн дээр түүнээс харцаа салгалгүй суусаар ичээх нь энүүхэнд. Тэр үед охидын цоргисон харцыг мэдэрсэн Бакиев ичингүйрэхэд хацар нь эгдүүтэй хонхойж, улаа бутардаг байсан гэнэ.

Тэд жил шахам үерхжээ. Энэ хооронд Бакиев ч найз бүсгүйнхээ талаар эцэг эхдээ дуулгахад тэд таашаасангүй. Эцэг эх нь хүүгээ орос бүсгүйтэй гэрлүүлэх хүсэлгүй байсан нь Бакиевт маш хүнд цохилт болжээ.

Мендельсоны маршийн оронд домбрын аялгуу

Ер нь Киргизийн өмнөд нутгийнхан ёс уламжлалаа хатуу чанд мөрддөг, интернациональч гэр бүлд таарамжгүй ханддаг байв. Тиймдээ ч Курманбек, Татьяна хоёрын гэрлэхэд Бакиевынхан дургүйцэж, олон жилийн турш бэрээ хараагүй, ямаршуухан төрх байдалтай, зан араншинтайг нь мэддэггүй байсан. Энэ тухай Татьяна «Нөхрийн маань төрөл төрөгсөд намайг орос хүн гэдгээс цааш мэддэггүй байлаа. Тэд бидний гэрлэлтийг эсэргүүцдэг байсан учраас мэдэхийг ч хүсдэггүй байсан байх. Гэвч Курманбек өөрийнхөөрөө зүтгэж, зөв гэсэн зүйлдээ бат зогсч чадсан. Он цагийн уртад бүх зүйл мартагдаж, зөөлөрсөн. Манай нөхрийн гэр бүлийнхэн маш ухаалаг хүмүүс. Биднийг Орост есөн жил амьдраад Киргизэд ирэхэд халуун дотноор угтаж авсан юм даг. Намайг энэ гэр бүлд байх ёсгүй хүн гэсэн сэтгэгдэл төрүүлэхүйц байдлаар хэн нь ч хандаагүй» гэсэн юм.

Татьянагийн аав, ээж хоёр ч эхэндээ охиныхоо сонголтод сэт-гэл дундуур байсан аж. Гэвч ирээдүйн хүргэнтэйгээ уулзаад бодол нь өөрчлөгдсөн гэнэ. Эелдэг даруу, өндөр боловсролтой, ухаалаг залуу тэдний сэтгэлийг татсан нь лавтай. Залуу хос дөрөвдүгээр дамжаанд суралцаж байхдаа буюу 1971 оны 11 дүгээр сард хуримаа хийхэд их сургуулийн нэг ангийн найзууд нийлсэн 10-аад хүн л ирсэн гэдэг. Тэд Мендельсоны маршийн оронд домбр, рубабын (Киргизийн үндэсний хөгжмийн зэмсгүүд) аянд хуримлаж, их л хөгжилтэй байжээ.

Будаатай хуургатай

Ийнхүү оюутны байранд гал голомтоо асаасан залуу хос оюутны тэтгэлгийн 45 рублиэр тарчигхан амьдарч эхэлсэн аж. Учир нь Бакиевын эцэг эх хүүдээ гомдож, мөнгөөр тусалж дэмжсэнгүй. Хэдий тийм ч Бакиев ууган хүү Маратаа төрөхөд найз нөхдөө гэртээ урьж, өөрийн гараар хийсэн будаатай хуургаар дайлжээ. Тухайн үедээ хямд төсөр аргаар найр хийж байгаа мэт харагдаж байсан ч Бакиевын хувьд дорнын уламжлалын дагуу зочдодоо хамгийн их хүндэтгэл үзүүлсэн хэрэг байлаа. Харин удаах хүү Максимаа төрөх үед Бакиевынхан хөлсний байр дамжин амьдарч байжээ. Удалгүй Бакиевын ажиллаж байсан үйлдвэрээс нь нийтийн байранд өрөө гаргаж өгсөн ч тэд 1979 онд Киргизэд нүүн ирсэн гэдэг.

Дашрамд сонирхуулахад Курманбек Бакиевын бага хүү Максим Киргизийн нийслэлийн экс захирагчийн охин Айжан Кененбаеватай гэрлэж, 2009 онд хөөрхөн охинтой болсон билээ. Харин Максим Бакиевын эхнэрийн төрсөн ах Арслан нь Киргизийн одоо-гийн Ерөнхийлөгч Роза Отунбаевагийн үеэлийн нөхөр гэнэ.

Бакиев залуудаа боксоор хичээллэдэг байжээ. Гардан тулааны энэхүү төрөлд тэрээр одоо ч дуртай бөгөөд түүний анкетыг сөхөхөд л энэ бүхэн илхэн. Учир нь түүний Ерөнхийлөгчид дэвшиж байх үеийн анкет дээрх сонирхол гэсэн хүснэгтэд бокс, сонгодог уран зохиол гэж бичсэн  байдаг аж. Мэдээж өөрөө нударга зөрүүлдэггүй ч телевизээр боксын тэмцээн тогтмол үзэж, боксчин ax, дүү Кличког дэмждэг. Тэрээр Ерөнхийлөгчийн цаг наргүй ажлын хажуугаар биеэ чийрэгжүүлэхээ ч мартдаггүй байсан. Бакиев өглөө бүр гүйж, спорт зааланд тогтмол очиж, гартаа ширэн бээлий углан, дэвжээн дээр гарч «мешок»-той хэдэн үе тулалддаг гэнэ. Түүнчлэн тэрээр ангийн хорхойтой нэгэн аж.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.