УИХ-ын гишүүн Б.Баярсайхан Хүний хөгжлийн цогц бодлогын асуудлаар зарим сайд нартай уулзлаа
2020.08.04

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан Хүний хөгжлийн цогц бодлогын асуудлаар зарим сайд нартай уулзлаа

Монгол улс ардчилсан, хүмүүнлэг нийгмийг цогцлоож хүний эрх, үнэт зүйлийг дээдэлсэн идэвхтэй, эрүүл, эрдэм боловсролтой эх оронч иргэнийг бэлтгэх асуудал бол монгол хүний хөгжилтэй салшгүй холбоотой. Монгол Ардын Нам 2020 оны Улсын Их Хурлын сонгуулийн мөрийн хөтөлбөртөө Хүний хөгжлийн бодлогыг үндсэн суурь бодлого болгон баталсан. Хүний хөгжлийн бодлого нь эхийн хэвлийд бүрэлдэн бий болсноос, насан эцэслэх хүртэлх хугацаанд ёс зүйтэй, эрүүл, боловсролтой Монгол иргэн бэлтгэх бодлого юм.

Хүний хөгжлийн үндэсний хөтөлбөрийг батлуулах, үйл ажиллагааны чиглэлийн талаар Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан голлон уялдаж ажиллах Хөдөлмөр, Нийгмийн Хамгаалалын, Боловсрол, Шинжлэх Ухаан, Соёлын, Эрүүл Мэндийн сайд, Дэд сайд, тухайн яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг өнөөдөр төрийн ордны “Үндсэн хууль” танхимд хүлээн авч уулзан, Хүний хөгжлийн бодлогын асуудлаар хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүн Б.Баярсайхан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Соёлын сайд С.Чулуун, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, Эрүүл мэндийн Дэд сайд Ш.Анхмаа болон тус яамдын төрийн нарийн бичгийн дарга оролцож, Хүний хөгжлийн цогц бодлогын баримт бичгийн талаар санал солилцлоо.  

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан Засгийн газар 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон төсвийн тодотголын төслийг боловсруулж байгаа энэ чухал үед Хүний хөгжлийн цогц бодлогын асуудлыг холбогдох тулгуур яамд анхаарч, уялдаа холбоогоо сайжруулахыг санууллаа. Өмнөх жилүүдийн алдаа нь салбарууд тус тусдаа хөгжил ярьсаар, хүнээ хөгжүүлэх асуудал дунд нь орхигдсоор ирсэн. Хэдийгээр хүний хөгжлийн асуудал ХНХЯ-ны эрхлэх асуудалд байгаа ч салбар бүрийн уялдаа холбоогүйгээр энэ ажил урагшаа явдаггүй. Иймээс эхний ээлжид хамтарсан ажлын хэсэг гаргаж, яамд идэвх санаачилгатай ажиллахыг сануулж өнөөдрийн уулзалтыг зохион байгуулж байгаагаа дурдлаа.

 

Сайд нар салбар тус бүрийнхээ Хүний хөгжлийн бодлогын баримт бичигт тусгах санал, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө болон тулгамдаж буй асуудлуудаа ярьсан юм.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн: Цэцэрлэг, сургуулийн хөтөлбөр агуулгад олон улсад үнэлэгдэх Монгол хүнийг хөгжүүлэх, төлөвшүүлэхэд чиглэсэн санал санаачилга бий, үүнд анхааран ажиллах болно гэлээ.   

Соёлын сайд С.Чулуун: Хүний хөгжил зам барихтай адил ажил биш. Аажимдаа хөрсийг нь сайн суулгах асуудал. Иймээс шинээр байгуулагдсан Соёлын яам Хүний хөгжлийн цогц бодлогын асуудалд идэвх санаачилгатай ажиллах гол яам байх болно. 

Гэдгээ салбарын сайд нар онцоллоо. Мөн төрийн нарийн бичгийн дарга нар саналаа хэлж хамтарч ажиллахад бэлэн байна хэмээсэн юм.

Б.Баярсайхан   УИХ-ын гишүүн 

"Хүнээ хөгжүүлсэн улс орон хөгждөг. Хүний хөгжлийг ярихгүйгээр салбарын хөгжил ярих боломжгүй. Хүний хөгжлийн цогц бодлогын баримт бичгийг анх удаа боловсруулах гэж байна. Өмнөх хөгжлийн бодлогуудаас өөр гэдгийг анхаарах ёстой. Иймээс  бүх салбарууд үүнд хойш суулгүй, ажил хэрэгч хандахыг хүслээ."